“Big bowling” клубын 10 жилийн ойн тэмцээний шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-19 15:19:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Big bowling” клуб байгуулагдсаны 10 жилийн ойн нэрэмжит клубуудын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр амжилттай болж шилдгүүд тодорлоо.


Энэ тэмцээнд 15 баг оролцож, урьдчилсан шатанд 3 тоглолт хийж өндөр оноо авсан 8 баг нь цааш хасагдах журмаар аваргаа тодруулсан юм. Тус тэмцээнд “Strikes-1” баг түрүүлж, “Double-X” клуб удаалж, “Big bowling-1” баг гуравдугаар байранд шалгарлаа. Аварга баг 2,5 сая төгрөг, хоёрдугаар байр 1,5 сая, гуравдугаар байр 1 сая төгрөгийн шагнал хүртсэн.




Өндөр онооны эзэн буюу шилдэг тамирчнаар эрчүүдээс “Big bowling” клубын тамирчин Б.Батхүү (257 оноо), бүсгүйчүүдээс “B zone” клубын Б.Оргилмаа (196 оноо) нар шалгарч тус бүр 100 мянган төгрөг гардлаа. Сүүлийн үеийн тэмцээнүүдэд ажиглагдаж байгаа багуудын жигд өрсөлдөөн, тамирчдын чансаа тэгширсэн байдал ч өчигдрийн тэмцээнээс илт харагдаж байлаа. Тухайлбал, багуудын хожил, хожигдлын харьцаа хэдхэн онооны зөрүүгээр шийдэгдэж байсан юм.




Тэмцээний үеэр “Big bowling” клубээс тэмцээнд оролцсон нийт тамирчдын дунд боулингийн спортын хувцас, хэрэглэлийн сугалаа явуулсан нь сонирхолтой бөгөөд оролцогчдын талархалыг хүлээсэн арга хэмжээ болов. Мөн тамирчдын хоол, ус ундааг тус клубээс бүрэн даасан бөгөөд урьд өмнө үзэгдээгүй гоёмсог хэлбэр хийцтэй цом, медаль хийлгэсэн нь бас нэгэн онцгой бэлэг боллоо.

Холбоотой мэдээ