Их, дээд сургуулийн удирдлагууд засаглалаа сайжруулах загвар боловсруулна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2018-11-19 16:06:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-наас их дээд сургуулийн менежментийг сайжруулах ажлын хүрээнд Сингапурын Темасек сантай хамтран "Дээд боловсролын засаглал" сургалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байна.

Тус сургалт нь дээд боловсролын засаглалыг сайжруулах, сургалтын чанар, боловсролын инновацийг чадавхижуулах, дээд боловсролын байгууллагууд цаашдаа өөрсдийн засаглалын системийг тогтвортой хөгжүүлэх, дээд боловсролын дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд засаглалын тогтолцооны загварыг хэрэгжүүлэх арга зүй олгох зорилготой юм.

Сургалтын үйл ажиллагааг БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан нээж, дээд боловсролын чанарыг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах сургалтын зорилго, ач холбогдол, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулан, сургалтыг зохион байгуулж буй Сингапурын Политехникийн ерөнхий зөвлөх Чонг Хва болон Линда Лее, нийт оролцогчдод амжилт хүслээ.

Сургалтад МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС-ийн удирдлагууд, Үр дүнд суурилсан боловсрол хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэж буй CDIO-ийн мастер багш нар оролцож байна. Оролцогчид засаглалын бодлого, сургуулийн бодлогыг хэрхэн харилцан уялдаатай зохион байгуулах, удирдлагын түвшинд чанартай боловсрол олгох хөтөлбөрийг өөрийн байгууллагадаа өмнө нь нэвтрүүлж байсан болон одоо хэрэгжүүлж буй бодлогын баримт бичиг, стандарт үйл ажиллагааны журамд анализ хийн, цаашид сургууль дээрээ баримтлах бодлого, хөтөлбөрөө шинэчлэх, сайжруулах загварыг сургалтын явцад гүйцэтгэх юм.

Холбоотой мэдээ