Улс тунхагласны өдрөөр 850 сурагч иргэний андгай өргөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-11-19 16:57:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс тунхагласны баярын өдөр буюу энэ сарын 26-нд Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” Төрийн ордонд болно.

Энэхүү үйл ажиллагааг Монголын залуучуудын холбооноос Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран 2004 оноос хойш 16 дахь жилдээ зохион байгуулж буй.

Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулдаг энэхүү ёслолын ажиллагаанд их бүтээн байгуулалтыг түүчээлэх 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөлөл оролцдог.

Энэ өдөр нийслэлийн 9 дүүргийн 850 сурагч нэгэн дор андгайгаа өргөж, 33 төлөөлөл сурагч Монгол Улсын Ерөнхий сайд болон салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа олны танил эрхмүүдээс иргэний үнэмлэх, батламжийг гардах юм. Мөн үйл ажиллагааг МҮОНРТ орон даяар шууд дамжуулан хүргэх аж.

Холбоотой мэдээ