Г.Эрдэнэтөгс:Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг огт ажиллуулахгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-11-20 16:22:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 25-аас дээш ажилтан, ажиллагсадтай байгууллага  нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг  авч ажиллуулах журамтай. Гэвч зарим байгууллагууд үүнийг огт хэрэгжүүлэхгүй байгааг  мэргэжилтнүүд хэлж байна. Дээрх асуудлыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай уулзах уулзалтын үеэр хөндсөн юм.


УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах талаар хийж буй ажил, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөтэй танилцах  зорилгоор тус уулзалтыг зохион байгуулж байгааг тодотгов.


Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажлын байр гаргах, хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хамруулах, зориулалтын дэд бүтэц бий болгох зэргээр нийгмийн баталгааг хангах чиглэлээр өрнүүлж буй ажлуудаас танилцуулж, талууд цаашид хэрэгжүүлэх ажил, тулгамдсан асуудлаар санал солилцов.


  Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг огт ажиллуулахгүй байгаа нь шалгалтаар тогтоогдсон хэмээн  МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс ярив.

Уулзалтын төгсгөлд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр байгууллагууд хойрго хандаж буйд шүүмжлэлтэй хандаж, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж ажиллах талаар чиглэл өгсөн юм.

Холбоотой мэдээ