Автомашинуудын клубын 1000 гаруй залуус аврах ажиллагаанд оролцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-03-05 12:36:11

Цаг агаарын аюултай үзэгдлийг хохирол багатай даван туулах, цасанд боогдсон машин техник, хүн эд барааг аврах ажиллагаанд автомашин сонирхогч 1000 гаруй залуусын 12 клуб нэгдсэн зохион байгуулалтад орж 3 ээлжээр аврах ажиллагаа явууллаа.

Аврах ажиллагаанд сайн дураар оролцсон клубууд Чингэлтэй дүүргийн Жигжид, Хандгайт, Санзай, Шаргаморьт, Зуунмод, Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Эмээлт, Хүй 7 худаг, Тахилт, Хан-Уул дүүргийн Морингийн даваа, Айдсын даваа, Биокомбинат, Түргэний Гол, Өндөр Дов, Хөшигтийн хөндий орчимд цасанд боогдсон 40 тонны чиргүүлтэй том машин, 98 автомашин, 244 иргэнийг аварсан байна.  

Автомашин сонирхогч залуусын клубуудын дээрх залуус бүгд сайн дугаараа үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Улаанбаатар хотын зам цэвэрлэгээнд ажиллаж байгаа бүрэлдэхүүнд халуун аарц цай хүргэж өгөх үйл ажиллагаа мөн хийсэн байна.  

Аврах ажиллагаанд оролцсон клубуудыг дурдвал "Mongolian Landcruiser Club", "Монголын Бартаат Замын Авто Спортын Холбоо" MOF, "Mongolian Pajero Club", "Mongolian Hummer Club", "Landcruiser 70 series Mongolia", "Patrol Club", "Patrol Y60", "Jeep Wrangler Club", "LX 470 Club", "Mercedes Benz Club", "Sonata Mongolia Evolution club", "Монголын Toyota Hilux Surf, 4Runner, Tacoma, Fortuner групп" хамрагджээ.  

Сайн дураараа, өөрсдийн зардлаараа аврах ажиллагаа явуулж, олон хүний амь нас, эрүүл мэндийг аварсан дээрх залуучуудад иргэд чин сэтгэлээсээ талархаж байгаа юм. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ