Профессор Б.Даваадоржийн бүтээлийн үзэсгэлэнд эртний монгол бичгийн машин, судрууд багтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-21 11:42:26

Ховд/МОНЦАМЭ/ Ховд Их Сургуулийн түүхт 40 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан ойг угтсан томоохон ажлуудыг эхлүүлээд байна. Үүний нэг нь ХИС-ийн эрдэмтэн багш нарын цуврал бүтээлийн үзэсгэлэн юм. Өнөөдөр гурав дахь үзэсгэлэн болох Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн Хэл зохиолын тэнхимийн багш, профессор Б.Даваадоржийн сургалт, эрдэм шинжилгээний бүтээлийн үзэсгэлэнг гаргалаа.

 Тус үзэсгэлэнд профессор Б.Даваадоржийн өнөөдрийг хүртэл бүтээж, туурвисан сургалт, эрдэм шинжилгээний бүтээлүүд, 1985 оноос хойш бичиж хадгалсан гар бичмэлүүд, эртний Монгол бичгийн машин болон эртний судрууд дэлгэгдсэн байна.

Өнөөдөр бид бүхний хийсэн зүйл, хэлсэн үг ирээдүйд түүх болон үлддэг. Түүний нэгэн адил түүний бичиж хадгалсан судалгаа шинжилгээний ажил, энэ хугацаанд оролцсон бүхий л үйл ажиллагааны тэмдэглэл, оюутан сурагчдыг дүгнэсэн үнэлгээний хуудсууд зэрэг гар бичмэлүүд өнөөдөр түүхийн чухал баримт болгон энд дэлгэж байна.

Профессор Б.Даваадоржийн бүтээлийн үзэсгэлэнд түүний төгсгөсөн үе үеийн шавь нар, мөр зэрэгцэн ажиллаж байсан нөхөд, багш нар болон сүм хийдийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, проф Б.Нямдорж, НХУС-ийн захирал, проф Ц.Пүрэвсүрэн, НХУС-ийн Хэл зохиолын тэнхимийн эрхлэгч, дэд проф Д.Өрнөхдэлгэр, МУГБ Батчулуун нар үг хэллээ.

Мөн шавь нь багшдаа өндөр амжилт хүсч,  мэндчилгээ дэвшүүлэв.

Хэл бичгийн ухааны доктор, профессор Б.Даваадорж нь Монгол хэл шинжлэл, түүний дотор үсэг зүйн чиглэлээр судалгааны ажил хийж, сурах бичиг, гарын авлага дөрвийг, эрдэм шинжилгээний өгүүлэл дөч орчмыг сэтгүүлүүдэд хэвлүүлжээ. Гадаад дотоодын эрдэм шинжилгээний хурлуудад дөч гаруй илтгэл хэлэлцүүлж, докторын хоёр ажилд үнэлгээ бичиж, докторын дипломын нэг ажил, магистрын дипломын хорин таван ажил, бакалаврын дипломын арав орчим ажлыг удирдсан байна.

Мөн  бакалавр, магистрын ажлын шүүмж 42-ыг бичиж, хэл зохиолын тэнхимээс жил тутам зохион байгуулдаг оюутны эрдэм шинжилгээний хуралд оюутнаар илтгэл бэлдүүлэн хэлэлцүүлж, ангийн ажил гүйцэтгүүлэн, тэдний дунд эрдэм шинжилгээний дугуйланг багш нарын хамт удирдан зохион байгуулж ажилладаг тэргүүний шилдэг багш, судлаачдын нэг юм. Профессор Б.Даваадорж Ардын боловсролын тэргүүний ажилтан, ХИС-ийн профессор, магистр хамгаалуулах зөвлөлийн гишүүн, эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажилладаг.

Холбоотой мэдээ