Их-Уул суманд 640 хүүхдийн хичээлийн байр барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-11-22 11:41:34

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Их-Уул сум энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн томоохон объект барихаар төлөвлөжээ.

Тухайлбал 640 хүүхдийн хичээлийн байр, сумын Засаг даргын Тамгын газрын конторын барилга, замын хяналтын цэгийг барьж ашиглалтад оруулах, төрийн өмчит 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгатай болох, 300 хүний суудалтай Соёлын төвийн барилгын ажлыг эхлүүлсэн байна. Эдгээрээс Засаг даргын Тамгын газрын конторын барилга, соёлын төвийн барилгын тендер хугацаандаа зарлагдаж, гүйцэтгэгч компани шалгарч цутгалтын ажлууд хийгджээ. Тус сумд өнгөрсөн жилтэй харьцуулахад дөрөв дахин их хөрөнгө буюу 135 сая төгрөг орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдсан байна. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэхдээ орон нутгийн давсан орлогоос 33 сая төгрөг, нийтдээ 168 сая төгрөгөөр иргэдээс авсан саналын дагуу 14 бараа ажил үйлчилгээг хийхээр баталжээ. Үүнээс найман ажлыг нь хийгээд байгаа тухай Их-Уул сумын ЗДТГ-аас мэдээлэв.

640 хүүхдийн хичээлийн байрны барилгын ажил 85 хувьтай байна

Их-Уул сумд улсын төсвөөр баригдаж буй 300 хүний суудалтай Соёлын төвийн барилгын суурь цутгалт, төмөр бэхэлгээний ажил  65 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тус барилга угсралтын ажлыг “Харганат” ХХК  гүйцэтгэж байгаа бөгөөд 2019 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Мөн 640 хүүхдийн хичээлийн байрын хоёр давхрын гадна болон дотор талын өрлөгийн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус барилгыг “РСР” ХХК 2019 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Иргэдээс авсан саналын дагуу хийж буй ажлуудаас “Овооны орой”-д байрлах жи-мобайлын дахин дамжуулах станцын засварыг хийж сүлжээний цацалтыг сайжруулаад байгаа. Түүнчлэн Үржил, Хонгор, Цэцүүх, Зарт багуудын таван цэгт аянга зайлуулагчийг шинээр хийж сумын Орон нутаг судлах музейн засварын ажлыг хийж дуусчээ. Сумын төвийн шинэ хорооллын замын зурвасын ажил, 15 га талбайд малын ногоон тэжээл царгас тариалж таван багийн малчдын өвөлжөөний малын хашааг ариутгах халдваргүйжүүлэх зэрэг ажлуудыг хийгээд байгаа гэв.

173 иргэнд 655.2 сая төгрөгийн зээл олгожээ

Сумын Засаг даргын мэдэлд байдаг хоёр сангийн нэг нь болох сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулах тал дээр Их-Уул сум эрчимтэй ажиллаж байгаа гэлээ.

Сум хөгжүүлэх сан нь иргэдэд  хамгийн бага хүүтэй зээл олгож, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ядуурал, ажилгүйдлийг бууруулах зорилготой юм.Тухайн сангийн хөрөнгийг зөвхөн төсөл харж олгох биш, бодит судалгаа хийгдсэн өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг, үйлчилгээний цэг ажиллуулдаг хөрөнгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай иргэдэд олгож байгаа. Энэ сангийн  зээлийн эргэн төлөлт 2014 оноос хойш маш удаашралтай явагдаж байгаа бөгөөд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтарсан ажлын хэсэг байгуулж, зээл авсан иргэдэд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаатай шаардлага хүргүүлжээ. Мөн Тосонцэнгэл сумын Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчтай хамтран хугацаа хэтэрсэн зээлтэй иргэдийг энэ ондоо багтааж зээлийн үлдэгдлээ барагдуулах гурвалсан гэрээ нэмж байгуулан ажилласан нь үр дүнгээ өгч байна. Зээлийн эргэн төлөлт сайжирсан өнөөдрийн байдлаар 173 иргэнд давхардсан тоогоор 655.2 сая төгрөгийн зээл олгоод байгаа тухай Их-Уул сумын ЗДТГ-аас тус тус мэдээлэв

Холбоотой мэдээ