“Түүхэн дурсамжууд” гэрэл зургийн цомгоо хэвлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-23 10:31:59

Дорноговь /МОНЦАМЭ/. Ахмад сэтгүүлч, зураач, ард түмний гавьяат Лувсанрэгзэнгийн Сандуй “Түүхэн  дурсамжууд” гэрэл зургийн цомгоо олны хүртээл болголоо.

Тэрээр 1961 онд  Монголын Урчуудын эвлэлийн Дорноговь  дахь салбарт дагалдан зураач,  1962 оноос Дорноговь аймгийн тогтмол хэвлэл “Ялалт” сонинд цайр зурагчин, сэтгүүлчээр 1990-ээд он хүртэл ажиллаж олон арван түүхэн үйл явдлыг гэрэл зургийн хальснаа буулгасан байдаг.

Л.Сандуй гуай бүтээлдээ Дорноговь аймгийн түүхэнд хамаарах 1940-1990-ээд он хүртэлх хагас зуун жилийн үйл явдал, соёл боловсрол, нутаг орны хөгжил дэвшил, түүхэн хүмүүсийн айлчлал, бүтээн байгуулалтыг сурвалжлан олонд түгээж түүхийн болоод архивын  хосгүй үнэт баримтыг бүтээж чадсан уран бүтээлч юм.

Гэрэл зургаас Их говийн зоригтны өлгий нутаг гэгддэг Дорноговь нутгийн ард иргэдийн амьдрал тэмцэл, үүх түүх, хөгжил дэвшил, анхны төмөр замын бүтээн байгуулалт,  Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр, барилга, хотжилт гээд хөдөлмөр бүтээлээрээ улс даяар манлайлж “Соёл түгсэн алтан говь” хэмээх хүндэтгэл хүртсэн түүхэн агшныг тольдон үзэх боломжтой.

Гэрэл зургаас гадна тэрээр хурдан морины тухай цуврал бүтээл хэвлүүлсэн юм. Гэрэл зургийн цомгийг хэвлүүлэхэд МСНЭ-ийн Дорноговь дахь салбар зөвлөл, “Говийн өнгө” гэрэл зургийн газар, аймгийн Ахмадын хороо, Баялаг бүтээгчдийн холбооны Дорноговь салбар аймгийн ИТХ, ЗДТГ хамтран идэвх зүтгэл гарган ажилласан юм.

Холбоотой мэдээ