Д.Оюунхорол:Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зээл олгох хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын нэр бүхий 8 гишүүн энэ сарын 21-нд ЖДҮХС-аас олгосон зээлийн асуудлыг шалгах түр хороо байгуулах албан бичгээ өргөн мэдүүлсэн. Дээрх гишүүд өнөөдөр "ЖДҮ-ийн зээлийг жинхэнэ эздэд" сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.
Монгол Улсад "Оюу толгой", "Таван толгой" зэрэг томоохон төслүүд хэрэгжиж байгаа ч иргэдийг ажилтай, орлоготой золгуулж буй гол салбар бол жижиг, дунд үйлдвэрлэл юм. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэх гарц, гаргалгааг тодорхойлох нь туйлын чухал байгааг Д.Тэрбишдагва гишүүн хэлэлцүүлгийн үеэр онцлов.
Харин иргэдийн амьдралд голлох нөлөө үзүүлж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очих ёстой хөнгөлөлттэй зээлийг төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд хуваан авсан нь нийгэмд шударга ёс үгүй болж буйн жишээ гэдгийг Ж.Бат-Эрдэнэ гишүүн хэллээ. Тэрбээр, "Нэг төрийн өндөр албан тушаалтан дунджаар 950 сая төгрөгийн зээл авсан байна. Гэтэл Архангай аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 45 аж ахуйн нэгж нийт 850 сая төгрөгийн зээл хүссэнийг хүлээн аваагүй байна. 45 жижиг, дунд үйлдвэрт зээл олгосноор 300 гаруй хүн ажлын байртай болох боломж байсныг үгүй хийсэн" гэлээ.
Жижиг, дунд, үйлдвэрлэл эрхлэгчид ихэвчлэн 50-100 сая төгрөгийн зээлийн хүсэлт л ЖДҮХС-д хүргүүлсэн байна. Гэвч барьцаа хөрөнгөгүй гэх үндэслэлээр зээл олгохгүй байгааг Д.Оюунхорол гишүүн шүүмжлэв. Мөн Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зээл олгох зохицуулалт хийх ёстой гэсэн юм. МУИС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгс “ЖДҮХС-гийн зээлд 2009-2016 оны хооронд 754,5 тэрбум төгрөг зарцуулсан. Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдалд хийсэн 2017 оны түүвэр судалгаанд 1850 жижиг, дунд үйлвэрлэгчдийг хамруулсан байна. Судалгаанд оролцсон ЖДҮ эрхлэгчдийг өмчлөлийн хэлбэрээр нь авч үзвэл дийлэнх хэсэг буюу 97 хувь нь дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд эзэлж байна. Харин гадаадын хөрөнгө оруулалттай 1 хувь, холимог өмчлөлтэй ЖДҮ эрхлэгчид 2 хувийг эзэлж байна. Үйл ажиллагааны төрлийн тухайд санал асуулгад оролцогчдын ихэнх нь буюу 74 хувь нь худалдаа болон үйлчилгээ, 13 хувь нь үйлдвэрлэл, 5 хувь нь хөдөө аж ахуй, 4 хувь нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа юм. Мөн ЖДҮ эрхлэгчдийг үйл ажиллагаа явуулж буй хугацаагаар авч үзвэл 14 хувь нь 1 жил хүртэлх, 19 хувь нь 1-3 жил, 19 хувь нь 3-5 жил, 23 хувь нь 5-10 жил, 25 хувь нь 10 дээш жил үйл ажиллагаа эрхэлж байна. ЖДҮ эрхлэгчдийн дийлэнх буюу 84 хувь нь 1-9 хүртэлх тооны ажиллагсадтай байдаг. Харин 13 хувь нь 10-49 хүртэлх тооны ажиллагсадтай бол 50-аас дээш тооны ажиллагсадтай ЖДҮ эрхлэгчид нийт оролцогчдын 4 хувийг тус тус эзэлж байна. Дээрх судалгааны дүнгээс үзвэл 500 саяаас нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ЖДҮ эрхлэгчид цөөн байгаа юм. Тиймээс төрийн байгууллагын үйлчилгээг чирэгдэлгүй болгох, татварын таатай орчинг бүрдүүлж, ЖДҮХС-ийн үйл ажиллагааг шилэн болгох, зээл авахад шаардагдах хөрөнгийн барьцааг уян хатан нөхцөлтэй болгох, ЖДҮХС-г бие даасан агентлагт хариуцуулах шаардлагатай” гэлээ.
Мөн хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ихэвчлэн мөнгө хүүлэгчдээс өндөр хүүтэй зээл авч, улмаар зээлээ төлж чадалгүй татан буугдахад хүрч байгааг хэлж байлаа. Тухайлбал, Архангай аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид мөнгө хүүлэгчдээс өдрийн 2 хувь буюу сарын 60 хувимйн хүүтэй зээл авч, үйлдвэрүүддээ тоног төхөөрөмж худалдан авснаа танилцуулав. Түүнчлэн үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс ЖДҮХС-гийн зээл олгох комиссын бүрэлдэхүүний 30 хувьд иргэдийн төлөөллийг оруулах, зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох нь зөв гэдэгт санал нэгдэж байлаа.
Ийнхүү хэлэлцүүлгийн төгсгөлд Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр тогтсон юм. Уг шаардлагад ЖДҮХС-гаас зээл олгох ажиллагааг олон нийтийн оролцоонд тулгуурлах, улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зээлийн батлан даалтын асуудлыг боловсронгуй болгох, ЖДҮХС-д улсын төсвөөс жил бүр 100 тэрбум болон түүнээс дээш хөрөнгө тусгаж байх зэргийг тусгасан байна.