"Монгол тэмээ-999" наадам Өмнөговь аймагт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-06 21:37:43

17-р жарны гал бичин жилийн хаврын эхэн сарын билэгт сайн өдөр Монгол Улсын үүд болсон өмнийн цэнхэр говьд говь нутгаа, тэмээгээ тэмээчдээ дэлхийд алдаршуулах түүхэн үйл явдал болж байна. Энэ өдөр дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох 1000 тэмээний уралдаан “Монгол тэмээ-999” арга хэмжээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа Даланзадгад хотод боллоо.

Энэ түүхэн үйл ажиллагааг  Өмнөговь аймгийн Засаг дарга  Б. Бадраа нээж нийт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид тэмээчиддээ амжилт хүсч баярын мэндчилгээ дэвшүүллээ. Нээлтэд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ,  УИХ-н гишүүн Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар,  Хүнс, Хөдөө аж ахуйн сайд  Р.Бурмаа зэрэг төрийн түшээд оролцлоо.   

"Монгол тэмээ 999" баярын арга хэмжээний нээлтийн арга хэмжээнд Өмнөговь аймгийн 15 сум Баянхонгор Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Өвөрхангай Увс аймгийн 244 малчид төлөөлөгчид 180 гаруй тэмээтэй хүрэлцэн ирж, Монгол зоны ахуй амьдрал, зан заншил, хувцас хэрэглэл, соёлыг илтгэн харуулсан өвөрмөц онцлогтой парад жагсаж, наадамчин олноо баясгалаа.

Өмнөговьчууд өмнөх оны босгон дээр ханын хэцийн хүрэн, галбын говийн улаан омгийн тэмээдээ үүлдэр болгон баталгаажуулсан. Тэгвэл нээлтийн үйл ажилгааны үеэр Хүнс, Хөдөө аж ахуйн сайд  Р.Бурмаа Говь нутгийн шилмэл сүргээс бие болж үүлдэр болгосон батламжийг аймаг сумдын удирдлагуудад гардуулан өгсөн баяртай үйл явдал боллоо.  “Галбын говийн улаан”, “Ханын хэцийн хүрэн” омгийн тэмээг үүлдрээр баталгаажуулсан нь Өмнөговийн брэнд болсон тэмээн сүргийг сурталчлах, олон түмний анхаарлыг түүнд хандуулах, олон улсад тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зэрэгт ихээхэн ач холбогдол өгч байгаа юм.

Ингэний сүү чихрийн шижинг эмчилдэг нь батлагдвал 20000 төгрөгт хүрэх ч магадлалтай

 “Сайхан тэмээтэй сайхан хос” шалгаруулах уралдаанд газар газрын сайхан тэмээтэй ганган хосууд гоёл чимэглэлээ гайхуулан оролцлоо. Уг уралдаанд нийт 53 хос оролцсоноос 1-р байранд Цогт-Овоо сумын хос, 2-р байранд Мандал-Овоо сумын хос, 3-р байранд Ханхонгор сумын хос  тус тус шалгарлаа.

“Монгол тэмээ-999” арга хэмжээний албан ёсны нээлтийн энэ өдөр шилмэл буур, ингэ шалгаруулах тэмцээн, тэмээний зан үйлтэй холбоотой олон төрөлт буухиа тэмцээнүүд морь барианы газар зохион байгуулагдсан бол Нутгийн удирдлагын ордны сүлд танхимд тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, ашиг шимийг сайжруулахад малчид тэмээчдийн идэвх сонирхлыг өрнүүлэх, тэмээний соёл, зан үйлийг нийтэд сурталчлахын зэрэгцээ тэмээчдээ харилцан туршлага солилцуулах зорилгоoр тэмээчдийн зөвлөлгөөнийг зохион байгууллаа.

Уг зөвлөлгөөнд УИХ-ын З.Энхболд оролцож, хэлсэн үгэндээ “Дэлхийд байдаг хоёр бөхтэй тэмээний гуравны хоёр нь Өмнөговь аймагт бий. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг нь дэлхийн брэнд болгох боломжтой. Тухайлбал, чихрийн шижин өвчнийг ингэний сүүгээр эмнэх боломжтой гэж сонссон. Өнөөдөр 2000 төгрөгийн үнэтэй байгаа ингэний сүү чихрийн шижин өвчнийг эмчилдэг гэдэг нь батлагдвал 20000 төгрөгт хүрэх ч магадлалтай" гэж онцолсон юм.

Түүнчлэн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй олон арга хэмжээний нэг нь  “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр гээд "энэ хүрээнд бүх малчныг сайн малчин болгох зорилт тавьсан. Засгийн газрын хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах юм бол малчин дансаа ашигладаг бол малчны зээлийн хүү жилийн 18 хувь байгаа нь 10 хувь болж буурна. Төрийн банк бүх зээлийн хүсэлтийг хүлээн авах боломжтой. Төрийн банк гурван төрлийн шалгуур хангасан малчныг энэ сарын 15-наас хөнгөлөлттэй зээлд хамруулах болно" гэлээ.

 Тэмээчдийн зөвлөлгөөний үеэр “Монгол тэмээн соёл, спорт, аялал жуулчлалын хөгжил, ирээдүйн чиг хандлага”, “Монгол тэмээнд тохиолдох өвчин, эмгэг, тэдгээрээс сэргийлэх арга зам”, “Торомны ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэх маркетинг” сэдэвт илтгэл танилцуулсан юм.

Мөн мал сүргээ өсгөн үржүүлж, монгол улсын үнэт баялгийг нэмэгдүүлж байгаа зарим малчдаа шагнаж урамшууллаа. "Монгол тэмээ 999" арга хэмжээнд оролцож буй зочид төлөөлөгчид тэмээчид аймгийн ХЖТ-ын уран бүтээлчдийн тэмээний тухай болон говь нутгаа магтан дуулсан хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхосноор өнөөдрийн үйл ажиллагаа өндөрлөлөө.

Харин маргааш буюу 3 дугаар сарын 7-нд  “Монгол тэмээ-999” дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх 1000 тэмээний уралдаан болох юм. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар маргааш нийтдээ 1200 гаруй тэмээ уралдахаар бүртгүүлжээ.

Н.Золбаяр

Холбоотой мэдээ