Аймгийн 2030 он хүртэлх хөгжлийн хэтийн зорилтыг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр буцаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-11-30 12:09:59

  Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн Долоодугаар хуралдаан энэ сарын 29-ний өдөр боллоо. Нэгдсэн хуралдаан 80 гаруй хувийн ирцтэйгээр хуралдаж, “Увс аймгийн хөгжлийн хэтийн зорилт /2018-2028 оны/-ын тухай, Улаангом сумын ерөнхий төлөвлөгөө батлах тухайАймгийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тухай илтгэлүүдийг хэлэлцлээ.


Мөн  Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай зэрэг илтгэлийг хэлэлцэх бөгөөд хуралдаан 30-ны өдөр үргэлжилнэ. 

Өнөөдрийн эхний хэлэлцэх асуудал болох “Увс аймгийн 2030 он хүртэлх Хөгжлийн хэтийн зорилт”-ыг хэлэлцэж үзээд судалгаа дутуу, орон нутагтай хамтарч ажиллаагүй гэдэг шалтгаанаар дараагийн хуралдаанаар оруулж ирэхээр төлөөлөгчдийн олонхийн саналаар буцаалаа.  Тус илтгэлийг "Хүний хөгжил сургалт судалгааны төв" ТББ-ын зөвлөх Ш.Мөнхцэрэн тавьсан юм. 

Аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн Наймдугаар хуралдаан ирэх сарын 2-3-нд болох бөгөөд энэ үеэр аймгийн нийгэм эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн 2019 газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг илтгэлийг хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ