“Говь” ХК-ийн хувьцааг хувааж, зарим компанид тусгай зөвшөөрөл олгов

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2018-12-01 17:44:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар “Говь” ХК-ийн нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 7 сая 801 125  ширхэг хувьцааг 100 хуваах шийдвэрийг гаргасан байна.

Ингэснээр нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 780 сая 112 500 ширхэг энгийн хувьцаа болж буй юм. Эл шийдвэр нь хувьцааны хөрвөх чадвар, хувьцаа эзэмшигчдийн тоог нэмэгдүүлэх, компанийн зах зээлийн үнэлгээг өсгөх, цаашлаад хувьцааны төвлөрлийг бууруулах ач холбогдолтой гэдгийг албаныхан онцолж байна. Хувьцаа хуваах үйл ажиллагааг ажлын 10 хоногийн дотор багтаан гүйцэтгэхийг “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Үнэт цаасны цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д тус тус үүрэг болгосон байна.

Мөн тус хуралдаанаар, “Тээвэр хөгжлийн банк" ХХК-д үнэт цаасны зах зээлд андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна. Ингэснээр тус зах зээлд андеррайтерийн үйлчилгээ эрхлэгчдийн тоо 25-д хүрчээ. Мөн “Онолт язгуур” ХХК-д даатгалын зуучлагчийн, “Шийдэл финанс” ХХК-д банк бус санхүүгийн зээл, гадаад валютын арилжааны, “Чанартай мөнгөн тойг” ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ. Улмаар үйл ажиллагааны болон санхүүгийн зохих болзол нөхцлийг хангасан  “Эксклюзивчэнж ББСБ” болон “Экодевелопмент монголиа ББСБ” ХХК-уудад банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын болон гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгосон байна. Түүнчлэн хуралдаанаар, “Тус брокерс” ХХК-ийн даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээж, “АА Аперейзал” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт оруулжээ.



Холбоотой мэдээ