Үйлдвэрлэл явуулахад тулгамддаг асуудал нь эрчим хүчний үнэ тариф гэнэ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2018-12-05 14:10:12


   Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит Наймдугаар хуралдаан энэ сарын 3-4-ний өдрүүдэд Улаангом хотноо болж өнгөрлөө. Өчигдөр аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хурлын завсарлагаанаар “Увс Хүнс ХК-ийн үйл ажиллагаатай танилцахаар тус үйлдвэрээр зочилсон юм.

Тус компани нь 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын болон гадаад зах зээлд нийлүүлж байгаа аж. 2017 онд 50 гаруй орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байсан бол 2018 он гарсаар 31 ажлын байрыг шинээр бий болгон одоо 85 ажилтан ажиллагсадтайгаар олон улсын чанарын удирдлагын ISO 22000 стандарт, газар тариалангийн GAP тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Увс хүнс ХК-ийн ерөнхий захирал Л.Мөнхнаран компанийн танилцуулга хийх үеэрээ төрийн худалдан авах үйл ажиллагаанд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих, орон нутагт үйлдвэрлэсэн тэжээл нь импортын тэжээлтэй өрсөлдөх чадвар буурч байгааг дүгнэж үзэх, шатахууны үнийн өсөлт нь түүхий эд материал, бүтээгдэхүүний өртөгт нөлөөлж байгаа, эрчимжсэн сүүний аж ахуйг хөгжүүлэх шаардлага байгаа зэрэг тулгамдаж буй асуудал, бодлогын түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа саналуудыг төлөөлөгчдөд уламжиллаа.

Энэ онд тус компани 284.8 сая төгрөгийн татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. Тэрчлэн үйлдвэрлэл явуулахад гол тулгамдаж байгаа асуудал нь эрчим хүчний үнэ тариф байдаг аж. Жишээ нь 1 кг гурил үйлдвэрлэхэд 2 кВт цахилгаан эрчим хүч зарцуулдаг байна. Үүнийг төрөөс бодлогын түвшинд анхаарах шаардлагатайг Увс Хүнс ХК-ийн eрөнхий захирал Л.Мөнхнаран мөн онцолсон юм.
Аймгийн ИТХ-ын ээлжит Наймдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын 2018 оны ажлын тайлангийн тухай, Аймгийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөний биелэлт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсөв батлах тухай зэрэг илтгэлийг хэлэлцэж баталсан юм.

Холбоотой мэдээ