129 дүгээр цэцэрлэгийн төслийн гэрээг байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Засгийн газраас хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад түлхүү хэрэгжүүлдэг ‘’Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах’’ хөтөлбөр Баянзүрх дүүрэгт дахин хэрэгжихээр боллоо.
Тодруулбал, Япон
улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока
болон Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах нар уг хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх
дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн засварын төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг
зурав.
Япон улсын
Засгийн газраас тус хөтөлбөрийг 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн
онд дүүргийн 87 дугаар сургуулийн дотуур байрны засварын ажлыг амжилттай
хийж гүйцэтгэсэн бол энэ жил дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн засварын ажлыг
хамтран хийхээр болов.
Уг арга хэмжээнд
Япон улсын Элчин сайдын яамны I нарийн бичгийн дарга Мияшита Хиромичи, “Өвсний
үндэс” хөтөлбөрийн багийн ахлагч Цүики Мао, дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн
хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Засаг даргын
Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон албаны бусад хүмүүс оролцлоо.