“Шилдэг ээж”, “Буянтай ээж”-үүдээ тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-03-08 23:29:08

Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн Холбооноос эрхлэн аймгийн ЗДТГ-тай хамтарч Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу мартын наймны өдрийг тохиолдуулж 21 дэх жилдээ аймгийн  “Шилдэг ээж”, “Буянтай ээж”-үүдийг тодруулах ёслолд зориулсан баярын хурал “Залуучууд” театрт болов.

Баярын хуралд аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгалаг-Тамир нар оролцож эхчүүдэ баяр хүргэж шагнал гардууллаа. 2016 оны аймгийн “Шилдэг ээж”-ээр Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх сүлжээ ХК-ийн ахмад ажилтан, санхүү эдийн засгийн хэлтсийн материалын нягтлан бодогч Д.Алтантуяа, Дархан сумын 13 дугаар багийн ахмад настан, долоон хүүхдийн асралт ээж Д.Норолхоо, Ургамал Газар Тариалангийн Эрдэм Шинжилгээний хүрээлэнгийн Агроэкологи Бизнесийн сургуулийн профессор багш Б.Энхтуяа нарын нийт 11 ээжид шилдэг ээжийн өргөмжлөл гардуулав.

Мөн 2016 оны “Буянтай ээж”-ээр аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Халдвартын тасагт тасралтгүй 28 жил ажиллаж гавъяаныхаа амралтад гарсан, 12 хүүхэд төрүүлсэн өсгөсөн алдарт ээж Я.Пагмасүрэн, Хонгор сумын “Тэргүүний малчин”, аймгийн “Сайн малчин” алдарт ээж В.Алтанцэцэг, Орхон сумын иргэн, “Шилдэг тариаланч” алдарт ээж С.Оюунчимэг болон улс нийгэмдээ 25 жил тасралтгүй үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн 11 сайхан хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн, 66 хүүхэд, ач зээгийн хайртай эмээ, алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одонт эдүгээ 85 насны сүүдэр зооглож яваа Н.Чимэддулам нарын 23 ээжийг “Буянтай ээж”-ээр шалгаруулж хүндэт өргөмжлөл гардууллаа. 

                         Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ