Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 08:51:14

Архангай аймгийн Oнцгой байдлын газраас олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан таван өдрийн турш хэд хэдэн арга хэмжээ зохиолоо. 

Тухайлбал, Цэцэрлэг хотноо ерөнхий боловсролын гуравдугаар сургууль, нэг ба дөрөвдүгээр цэцэрлэгийн 125 ажилтан албан хаагч, 105 сурагчид иргэний хамгаалалтын байгууллагын тухай, гамшгийн удирдлага, гал түймэр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зургаан цагийн  сургалт зохион байгууллаа.
      
Энэ өдрүүдэд болсон аймгийн онцгой байдлын газрын аварга шалгаруулах “Марш тактик”-ийн тэмцээнд зургаан багийн 48 тамирчин найман км замын турш гранат шидэлт, буудлага, гүүрэн саад, хордсон газар орныг туулах, нэрвэгсдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, самбар давах төрлүүдээр хүч чадал авхаалж самбаагаа сорьсон юм. Энд тэргүүн байрыг гал түймэр унтраах аврах ангийн салааны захирагч дэслэгч Ш.Эрдэнэбаяр ахлагчтай баг, удаахь байруудыг эрэн хайх аврах салбарын аврагч ахлах ахлагч С.Эрдэнэбаатар ахлагчтай баг, гал түймэр унтраах аврах ангийн гал сөнөөгч ахлах ахлагч Б.Ганпүрэв ахлагчтай баг тамирчид эзэллээ гэж тус газрын сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн онцгой байдлын дэслэгч  Э.Чимэдлхам мэдээллээ.

Л.Булган

   
   
   
 Олон улсын иргэний хамгаалалтын өдрөөр, олон нийтэд тулгуурласан гамшгийн эрдслийг бууруулах үндэсний хөтөлбөрийг сурталчилах гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гарч болзошгүй  гал түймрийн тоо, хохирлыг багасгах зорилгоор ОБГ-ын даргын баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу  “Гост трейд”, “Тансаг трейд”, “ТЭРХ”, “ХАСУ” нийтийн худалдааны төвийн ажиллагсад, үйлчлүүлэгчид, иргэдийг хамруулан өдөрлөг зохиолоо.
   
   
Өдөрлөгийн үеэр  ард иргэдэд гарын авлага материал 500 ширхгийг тарааж, автомашин болон  худалдааны төвийн чанга яригчаар олон улсын иргэний хамгаалалтын өдөр, олон нийтэд тулгуурласан гамшгийн эрдслийг бууруулах үндэсний хөтөлбөрийг сурталчилж, аймгийн хэмжээнд гарсан гал түймрийн шалтгаан нөхцөл, тоо хохирол гамшиг ослоос урьдчилан сэргийлэх анхааруулга, зөвлөмжийг ард иргэдэд хүргэлээ.
   
Ард иргэдийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг сорьж танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгууллахад 85 иргэн оролцсоноос тэргүүн байранд хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Ванчинбаатар, үсчин С.Мэндхүү нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. 

Архангай аймаг Л Булган


 

Холбоотой мэдээ