АНУ шингэрүүлсэн байгалийн хийн томоохон экспортлогчдын нэг болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-12-11 13:04:40

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн экспортын хэмжээ ирэх 2019 оны эцэс гэхэд өдөрт 252 сая шоо метр хүрэх төлөвтэй байна гэж тус улсын Эрчим хүчний мэдээллийн агентлагаас даваа гарагт мэдээлэв.


Ингэснээр АНУ нь дэлхийн шингэрүүлсэн байгалийн хийн экспортлогчдын гуравдугаарт буюу Австрали болон Катарын араас бичигдэх юм.


Одоогийн байдлаар АНУ-ын өдөрт экспортлох шингэрүүлсэн байгалийн хийн хэмжээ 101 сая шоо метр байгаа бөгөөд тун удахгүй хоёр шинэ үйлдвэр ашиглалтад орох гэж буйтай холбоотойгоор энэ оны эцэс гэхэд экспортын хэмжээг 138 саяд хүргэхээр зорьж байгаа ажээ.


Дээрх хоёр үйлдвэрийг Луизиана болон Техас муж улсад байгуулсан бөгөөд төлөвлөсөн хуваарийн дагуу энэ ондоо багтаан шингэрүүлсэн байгалийн хийн олборлолтыг эхлүүлэх юм байна.


Эрчим хүчний мэдээллийн агентлагийн мэдээлснээр, АНУ 2016 оны хоёрдугаар сараас шингэрүүлсэн байгалийн хий экспортолж эхэлж байжээ. Тус байгууллага нь АНУ-ын Эрчим хүчний яамны харьяа нэгж байгууллага бөгөөд эрчим хүчний талаархи мэдээллийг цуглуулж, үнэлгээ дүгнэлт хийдэг ажээ. Үүнд нүүрс, шатахуун, байгалийн хий, цахилгаан, сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний салбарын мэдээлэл багтдаг байна. 

Холбоотой мэдээ