Дэлхийн шилдэг хаалгач Петер Шмейхель Монголд ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-12-12 13:17:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр удаа хүртсэн, Данийн шигшээ баг, Английн “Манчестер Юнайтед” багийн домогт тоглогч, Петер Шмейхель өнөөдөр /2018.12.12/ өглөө Улаанбаатар хотноо ирлээ.


Монголын хөлбөмбөгийн холбооны шилдгүүдээ тодруулдаг “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслол өнөөдөр болох бөгөөд энэ үеэр дэлхийн домогт одуудыг Монголын фанатуудтай уулзуулах боломжийг олгодог уламжлал тогтоод байгаа юм. Өнгөрсөн онд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа Улаанбаатарт саатсан бол энэ жил Петер Шмейхель ийнхүү Монголд зочилж байна. Тэрбээр өнөөдөр 21 цагаас Зайсан дахь Highland Park Mongolia-д фанатуудтай уулзах юм.


Петер Шмейхель 1991-1999 онуудад гялалзаж явсан супер оддын нэг билээ. Хаалгач хүнд гоол оруулахад хүнд байдаг. Гэтэл Шмейхель карьерынхаа турш 764 тоглолтод оролцохдоо 60 гоол оруулсан байна. Түүнийг хамгаалагчийн дайтай хаалгач гэдэг. 1992 онд дайны нөхцөл байдлын улмаас Югослав улс Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болж, Данийн шигшээ баг цагаан хуудсаар орж ирээд аварга болсон түүхтэй. Энэ тоглолтод хаалгач Шмейхелийн хичээл зүтгэл их байж шилдэг хаалгачийн шагналыг хүртсэн.


Европын том клубүүд Шмейхелийн энэ амжилтаар Английн “Манчестер Юнайтед” клубын дасгалжуулагч Сер Алекс Фергусон эгнээндээ авсан. Тэрбээр “Манчестер Юнайтед” багт очсоноосоо хойш Английн Премьер Лиг буюу дэлхийн хамгийн том лигт таван удаа түрүүлж 1999 он хүртэл гайхалтай амжилтыг үзүүлсэн юм.




Түүний хүү Каспер Шмейхель нь “Лестер Сити” багт хүчин зүтгэж аавынхаа адилаар 29 насандаа Английн Премьер лигийн аваргын цомыг хүртсэн. Тухайн үед “Лестер Сити” баг лигт түрүүлэх боломжгүй багуудын тоонд бичигдэж байсан ч түрүүлж чадсан юм. Уг баг аварга болоход Каспер Шмейхелийн оролцоо их байжээ.


Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар “Алтан бөмбөг 2018” арга хэмжээний хүндтэй зочноор Петер Шмейхелийг урих саналтай гэдгээ Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид хэлж байжээ. Энэ саналыг П.Шмейхель найрсгаар хүлээн авч Монголд ирээд байгаа бөгөөд өнөөдөр 14.30 цагаас манай хэвлэл мэдээллийнхэнтэй уулзана. Алдарт хөгбөмбөгчин П.Шмейхел маргааш өглөө буцах юм.

Холбоотой мэдээ