Монгол, “Khan Resources” хоёр эвлэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-09 11:56:53

МОСКВА. /rapsinews/. Монголын эрх баригчид болон Канадын “Khan Resources” компани ураны орд газрын эргэн тойронд үүссэн маргаантай холбоотой бүх асуудлыг зохицуулахаар тохиролцжээ. Канадын компани энэ асуудалтай холбоотойгоор Монголоос 104 сая гаруй доллар нэхэмжилж байсан юм.

“Khan Resources” болон Монголын эрх баригчид олон улсын арбитрын шүүхийн “Khan Resources” компанийн талд гаргасан шийдвэрийн дагуу маргаантай бүх асуудлыг эцэслэн шийдэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа” гэж Канадын компанийн мэдээлэлд дурджээ.

Маргаан Монголын Дорнод аймгийн ураны орд газрын хайгуул болон ураны хүдэр олборлохтой холбоотой юм. “Khan Resources” компани 2011 оны нэгдүгээр сард шүүх ажиллагаа явуулахыг санаачилж, “Монгол Улсын Засгийн газрын зүгээс хууль бус бодлого явуулсан” гэж мэдэгджээ.

Арбитрын шүүх маргааныг авч хэлэлцэхийг зөвшөөрснийг Канадын компани 2013 оны зургадугаар сард мэдээлсэн байна.

Тус компани эхлээд 200 сая орчим доллар нэхэмжилж байсан бөгөөд улмаар Монголын ураны орд газарт хайгуул явуулах эрхийг цуцалсан гэж мэдэгдэж байгаа 2009 оны долдугаар сараас хойш тооцсон хүүг оруулаад 326 сая долларт хүрчээ.

“Khan Resources” компанийн талд ашигтай шийдвэрийг 2015 оны гуравдугаар сард гаргасан бол мөн оны долдугаар сард Монголын эрх баригчид Парисын давж заалдах шатны шүүхэд Арбитрын шүүхийн шийдвэрийн талаар гомдол гаргасан байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ