Эрүүлжүүлэх байрыг стандартын ариун цэврийн өрөөтэй болгожээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2018-12-14 15:11:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас эрүүлжүүлэх байранд ариун цэврийн өрөө шинээр байгуулан ашиглалтад оруулжээ. Ингэснээр зөрчил гарган баривчлагдсан болон эрүүлжүүлэгдсэн иргэд стандартын шаардлага хангасан ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэх боломжтой болсон байна.

Эрүүлжүүлэгдэж буй иргэд өмнө нь жилийн дөрвөн улиралд гадаа модон 00-д бие засдаг байсан бол энэхүү өрөө ашиглалтад орсноор стандартын шаардлага хангасан дотор 00-оор үйлчлүүлдэг болжээ. Мөн тэдэнд зориулж усанд орох душ, угаалтуур, цаашлаад хувцасаа угааж өмсөөд гарах бүрэн автомат угаалгын машиныг хүртэл байрлуулсан байна.

“Эрүүлжүүлэх байранд хоногт 3-10 хүн тогтмол эрүүлжүүлэгддэг. Долоо хоногийн баасан гараг болоод амралтын өдрүүдэд, баяр ёслолын үеэр энэ тоо өсөх хандлагатай байдаг. Эрүүлжүүлэх байр гэдэг нь нэг талаараа үйлчилгээний газар, нөгөө талаар хэдийгээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн, ямар нэг зөрчил гаргаад ирсэн хэдий ч хүн гэдэг утгаараа эрхийг нь хүндэтгэх хэрэгтэй. Энэ талаар аймгийн Прокурорын газар болоод Мэргэжлийн хяналтын газраас ч албан шаардлагыг тавьсан учир манай газрын зүгээс Баруун-Урт сумын ЗДТГ-тай хамтран 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар стандартын ариун цэврийн өрөө шинээр байгуулан ашиглалтад оруулсан. Ашиглаж эхлээд нэг сар болж байна. Энэ хугацаанд эрүүлжүүлэгдсэн хүмүүс усанд ороод, хувцасаа угааж өмсөөд гэртээ цэвэрхэн очдог болсон” гэж аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Ганчимэг хэллээ.

Тус аймгийн хэмжээнд 2018 он гарсаар 500 гаруй хүн эрүүлжүүлэгдсэн байна.

Холбоотой мэдээ