2018 оны шилдэг залуу багш нар тодров

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2018-12-15 14:01:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Залуу багш нарын холбоо, Нийслэлийн Боловсролын газраас хамтран “Оюуны элч-2018” залуу багш нарын дээд шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Энэ жил их дээд, ЕБС, МСҮТ, цэцэрлэг, сургалтын төвөөс нийт 10 багшийг шилдгээр шалгаруулав. Шалгаруулалтад 21 аймаг есөн дүүргээс нийт 157 багш материалаа ирүүлжээ.

Үүнээс оны шилдгээр Ховд их сургуулийн багш Г.Нямдаваа, Техник, технологийн дээд сургуулийн багш Х.Сүх-Эрдэнэ, Налайх МСҮТ-ийн багш Ж.Уранцэцэг, Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн багш Х.Гэрэлмаа, Нийслэлийн СБД-ийн 11 дүгээр сургуулийн багш Ж.Хатанбаатар, Нийслэлийн СХД-ийн 62 дугаар сургуулийн бага ангийн багш Д.Мөнхзаяа Дархан-Уул аймгийн 29 дүгээр сургуулийн багш Э.Мөнх-Учрал, Орхон аймгийн 10 дугаар цэцэрлэгийн багш Г.Ганчимэг, Нийслэлийн БЗД-ийн 147 дугаар цэцэрлэгийн багш Н.Хонгорзул, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэгийн багш Ч.Төгөлдөр нар тус тус шалгарч, тэргүүн дээд шагналын эзэд болов.

Шилдэг багшийг тодруулахдаа боловсролын салбарт гурваас дээш жил ажилласан 40-өөс доош насны ажил, мэргэжлийн ур чадвар, бүтээлч үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлан ажилласан хариуцсан ажлын үзүүлэлт нь дээшилсэн, ажлын үр дүнгийн үнэлгээгээр “А” буюу хангалттай үнэлгээ авсан, ёс зүй хэв журмын зөрчил гаргаагүй, нийгэм олон нийтийн үйл ажиллагаанд идэвхийлэн оролцсон, гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж, судалгааны ажил бүтээл гаргаж, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн зэрэг үзүүлэлтээр шалгаруулжээ.

Холбоотой мэдээ