Далай ламд Жамьянгарав гэгээнтний гар судрын эхийг гардуулан өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2018-12-17 15:51:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/.   Баасан гарагт МОНФА эм ханган нийлүүлэх төвийн хурлын танхимд "Амьдралын төгөл" номын баяр болов. Яруу найрагч, эрдэмтэн, доктор Чагнаагийн Пүрэвдорж шилдэг шүлгүүдээ хураангуйлсан "Амьдралын төгөл" шинэ номоо өлгийдөн авсан юм. Номын баярыг дотны анд найзууд, яруу найрагчид, шавь нар, ах дүүсийнхээ дунд ёслон тэмдэглэлээ. Чагнаагийн Пүрэвдорж бол ар халхын Асайтын хүрээг үүсгэн байгуулагч, Хамба, соён гэгээрүүлэгч, гэгээнтэн Жамьянгаравын 4 дэх үеийн зээ хүү нь юм.Тиймээс түүний бүтээл туурвилын эх булаг нь яах аргагүй энэ гэгээнтэнтэй холбоотой. Ч.Пүрэвдорж ахыг аль ч өнцгөөс нь харсан: нэг тал нь Хамба, гэгээнтэн Жамьянгарав, нөгөө тал нь Пүрэвдорж өөрөө байх бөлгөө. Үүнийг би олонтаа харсан тул ийнхүү хэлэх учиртай. Тиймээс тэрбээр өөрийнхөө номтой зэрэгцүүлэн хамба гэгээнтний бүтээлүүдээс тавьж нөхөддөө үзүүлж, тайлбарлаж байв.Хамба гэгээнтний бүтээлийг анх доктор Лхамсүрэнгийн Хүрэлбаатар эрдмийн эргэлтэд оруулж, түвд хэл дээрх бүтээлийг нь монголчлон судалгаанд нэвтрүүлж, өөрөө ч докторын зэргээ хамгаалсан юм. Түүнээс хойш түүний шавь түвдэч эрдэмтэн, МУБИС-ийн багш Д.Ганболд гэгээнтний бүтээлийг задлан шинжилж шинээр нээсээр байна. Ч.Пүрэвдорж, Д.Ганболд нар хамтран гэгээнтний гурван ч номыг гаргасан байна. Түүний дотор Жамьянгарав гэгээнтний гараар бичсэн судрыг эхээр нь хувилан том ном болгон гаргажээ. Тэрхүү гар судрыг нь саяхан Ч.Пүрэвдорж, гэргий Д.Цэндээхүү нар японд очиж 14 дүгээр Далай ламд гардуулан өгсөн байна. Жамьянгарав гэгээнтэн 13 дугаар Далай ламд өөрийн гар судрыг бас гардуулан өгч байжээ. Түүний бичиж хадгалсан гар судрыг нь ийнхүү шинээр хэвлэн 14 дүгээр Далай ламд үр хүүхэд нь хүргэж өгсөн нь их л учир холбоо бүхий дурсгалт үйл явдал болсон юм. Жамьянгарав гэгээнтэн хөдөө буйд хүрээ хийддээ суухдаа бүтээлээ дандаа түвд хэл дээр бичиж туурвидаг байжээ. Тиймээс түүний бүхий л бүтээлийг түвд хэлнээс орчуулан буулгах нүсэр ажил өрнөх болсон. Өнөөдөр түвд хэлтэн тун цөөхөн. Их судруудыг монгол хэлнээ орчуулан буулгах нь бүр ч цөөн. Чухам "Монгол хэлтэн түвдийн судраар онол ухааныг ухмуй хэмээгч өдрийн одон, шөнийн солонго мэт цөөн" гэж В.Инжинашши айлдсан байдагчлан Жамьянгарав гэгээнтэн түвд хэлэнд туйлын гаргуун байж, тэр цаг үеийнхээ Түвд, Жагарын орны эрдэмт мэргэдтэй эн чацуу ном хаялцаж, бичсэн бүтээлээрээ аргагүй толгой цохиж байсныг дээрх жишээ батлаад өгч байна. Мөн арын хангай нутгийн зураач, яруу найрагч А.Амархүүгээр Асайтын хүрээний зургийг сэргээлгэн зуруулсан нь ч учиг зангилаа ихтэй. Жамьянгарав судалгаанд их л нэмэртэй, гарын авлага болох юм. Эсэргүүний жил буюу 1932 оны бослогын үеэр Тариатын хүрээ, Асайтын хүрээг шатаасан байдаг. Жамьянгарав гэгээнтний Асайтын хүрээ зурган дээр амиллаа. Цаашдаа, Асайтын хүрээг бодитоор бүтээн босгох цаг ч ирэх биз ээ. Ийнхүү Ч.Пүрэвдоржийн номын баяр халхын нэгэн том гэгээнтэн, монголын утга зохиолын хамгийн том тайлбар, судлагааны бүтээл туурвисан Жамянгаравын гар судар, хүрээний зургаар баяжин олны анхаарлыг татсан юм. Түүний шинэ ном ч уншууртай шилмэл шүлгээр дүүрэн байна. Тиймээс Ч.Пүрэвдоржид МЗЭ-ийн удирдах зөвлөлийн шийдвэрээр "Утга зохиолын төлөө" медалиар шагнав. Мөн Архангайн зохиолчдын "Хан тамир" нэгдлийнхэн баяр хүргэж дурсгалын зүйл гардууллаа. Ч.Пүрэвдоржийн эрдмийн шавь их олон аж. Монголын хот хөдөөд 10 гаруй мянган шавь нь сургууль боловсролын салбарт ажиллаж байгаагаас бакалавр, магистрын 500 гаруй шавь, эрдэмтэн докторын зэрэг хамгаалсан олон шавийнх нь төлөөлөл ч ирж баяр хүргэн бэлэг гардуулсан юм. Монгол Улсын Консерваторын сургуулийн багш, урлаг судлалын доктор Ц.Ариунболд, эрдэмтэн, түүхч Ж.Отгонбаяр зэргийн шавь нар нь ирсэн байлаа. Дээр өгүүлсэн МОНФА эм ханган нийлүүлэх төвийн захирал, эм зүйн шинжлэх ухааны доктор, түүний гэргий Д.Цэндээхүү бол яруу найрагч, эрдэмтэн Ч.Пүрэвдоржийн бүтээлийн ундарга болсон, жинхэнэ ивээн тэтгэгч, урам хайрлан дэмжигч нь билээ. Ер нь яруу найрагч, эрдэмтэн ч гэхгүй амжилт гаргаж яваа хэний ч ард сайн хань нь байдаг. Үүнийг түүний хань Д.Цэндээхүү батлан харуулж, Ч.Пүрэвдоржийн бүтээлийн охь ундраа нь болж явна. Энэ үгийг бивээр номын баярын үеэр онцлон хэлсэн. МУСГЗ, эрдэмтэн Л.Дашням "Ч.Пүрэвдоржийн амьдралын төгөл бол хэн хүн ороод сэтгэл зүрхний үгээ хэлж, алжаал ядралаа тайлж, бие биеэ дайлж,монгол яруу найргийн охь дээжээс хүртэх боломжийг нээжээ. Хамба гэгээнтэн Жамьянгаравын зээ хүү гэдэг нь ч олны хүртээл болгосон судруудыг цувралаар гаргах гэж буй их үйлсээс харагдана. Мөн Ч.Пүрэвдорж бол улс төрийн зүтгэлтэн. Ардчилал руу орох шинэ Үндсэн хууль батлалцсан. Эрдэмтний хувьд ч олон шавьтай, эрдмийн бүтээлүүд нь өвөрмөц үг хэллэг, шинэ санааг дэвшүүлсэн байдгаараа онцлог" гэв. МУСГЗ, "Улирал ба зохиолч" сэтгүүлийн эрхлэгч Данзангийн Нямаа " Ч.Пүрэвдорж бол шинэ бүтээлийг дэмжигч, бас их өглөгч хүн. Намайг анх сэтгүүлээ гаргахад хамгийн түрүүнд тусалж хандив өргөж, анхны дугаараас өнөөдрийг хүртэл сэтгүүлийн баттай захиалагч болсон хүн. Тиймээс сэтгүүлдээ шинэ номын шүлгүүдээс нийтэллээ. Ирэх оноос бүтэн жилийн дугаараа бэлэглэе" гээд шүлгүүдээс нь уншлаа. "Амьдралын төгөл" номын шүлгүүдэд даацтай задаргаа, судалгаа хийсэн, доктор Ц.Оюуны өмнөтгөл үгийг үнэлж яруу найрагчид бас баяр хүргэлээ. Энэчлэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Мягмаржав, Д.Мөнхтөр зэрэг олон хүний ерөөлийн болоод дотны үг энэ оройг чимсэн юм.


Холбоотой мэдээ