ЮНЕСКО-гийн тайзнаа тоглох "Хөмөргөн гурвалжин" бүжгэн жүжгийн дүрс бичлэгийг Дэл ууланд хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2018-12-18 15:41:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Дэл уулын хадны зургаар хийсэн “Хөмөргөн гувалжин” бүжгэн жүжиг ЮНЕСКО-гийн их танхимын тайзан дээр ирэх онд тоглохоор болсон. Тэгвэл энэ жүжгийн дүрс бичлэгийг өнгөрсөн долоо хоногт Дэл ууланд хийсэн байна.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дарга Н.Уянга, СУИС-ийн Бүжгийн Урлагийн Сургуулийн захирал, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ нар жүжгийн дүрс бичлэг хийхийг дэмжин, хамтран ажилласан бөгөөд жүжгийн зохиолч, Ардын багш С.Дулам, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ тэргүүтэй Бүжгийн сургуулийн багш, оюутан 40 гаруй уран бүтээлч шөнөдөө -20, өдөртөө -10 хэмийн хүйтэнд сэтгэл зүрх, идэвх гарган зураг авалтыг хийжээ. Хөдөө хээр 40 гаруй хүний орон гэр,  хоол цай бэлтгэх,  бичлэгт хэрэгтэй бүхий л материалыг Дундговь аймгийн төвийн албан хаагчид, орон нутгийн малчдын туслалцаагаар амжуулснаа Дэл уулын хадны зураг судлаач Б.Батмөнх талархаж буйгаа илэрхийлсэн байна. Дүрс бичлэг хийж хоёр хонох хугацаанд нутгийн тэнгэр ивээж, салхи шуурга, цасгүй өдөр нь нэмэх хэмтэй, шөнө нь хасах 8 хэм болтлоо дулаарч угтжээ. Дэл уул, Цагаан суварга орчмын нутгийн малчид дулаан гэр бэлтгэн өгсөн бөгөөд Дундговь аймгийн ЗДТГ-ын Боловсрол соёл урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл, жолооч Д.Отгоноо, Д.Сүхээ, малчин Н.Батбаян, Д.Аяа, Н.Зоригт нар ихэд сэтгэл гарган тусалсныг зургийн багийнхан хэлж байв. 

Дэлхийн тайзанд гарах бүжгэн жүжгийн тухай клипийг ийнхүү хадны зургийн гол цэг болсон Дэл уул, Цагаан суварга, 32 хүнт хэмээх онгон байгалиар чимсэн нь амьд бөгөөд монголын эртний түүх соёлын гайхамшиг хосолсон  бүтээл болжээ. 

Холбоотой мэдээ