Эмнэлгийн үйлчлэгч эмэгтэй ажлын байран дээрээ амиа хорложээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-12-18 16:11:18

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн үйлчлэгч эмэгтэй ажлын байран дээрээ амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ. Уг хэрэг энэ сарын 16-наас 17-нд шилжих шөнө болсон бөгөөд одоогоор хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. Ажилтан нь ажлын байран дээрээ амиа хорлосон хэрэг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт анх удаа гарч байгаа учир, АНЭ-ийн зүгээс хэргийн талаар ихэд нууцалж байгаа аж.

Иргэн Г нь 28 настай, нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг, АНЭ-ийн сэтгэцийн тасагт үйлчлэгчээр ажилладаг байжээ. Тус тасаг нь хяналтын камертай учир 12 дугаар сарын 17-ны шөнийн 02:07 цагт Г амралтын өрөөнөөс 00-руу орж буй дүрс бичлэг үлдсэн байна. Харин Г-г 00-ын өрөөнд сэтгэцийн өвчтөнг номхотгоход ашигладаг олсоор өөрийгөө боомилсон байдалтай байхыг тухайн өдрийн өглөөний 07 цагт тасгийнх нь сувилагч олжээ.

Аймгийн Цагдаагийн газраас “Одоогоор хэргийн шалтгааныг тодруулахаар шалгалт хийгдэж байгаа. Үнэхээр ажлын байрны дарамт байсан уу, эсвэл ар гэрийн асуудалтай байсан уу гэдгийг удахгүй тогтооно. Холбогдох баримт, материалуудыг цуглуулан, шалгаж байна.” гэдэг мэдээллийг өглөө.

Хэрэг болдог өдөр АНЭ-ийн дарга Ц.Хүрэлбаатар тэргүүтэй таван их эмч жижүүртэй хоножээ. Энэ талаар АНЭ-ийн даргаас тодруулахад “Тэр шөнө 01 цагт өвчтөн эргэх гээд тасагруу нь намайг ороход хохирогч цаашаа хараад хэвтэж байсан. Тухайн үед юм бодолгүй өнгөрсөн. Хэргийн талаарх мэдээллийг өглөө 07 цаг өнгөрөөгөөд авсан. Удирдлагуудын зүгээс тухайн ажилтанд ямар нэгэн дарамт шахалт үзүүлж байсан зүйл байхгүй. Хэргийн үнэн мөнийг хууль хяналтын байгууллагууд удахгүй тогтоох байх” гэдэг тайлбарыг өгч байна.


Холбоотой мэдээ