Цаасан уутны захиалга их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-25 12:18:03
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Цаасан уутны үйлдвэр” үйл ажиллагаагаа эхэлснээс хойш жилийн хугацаанд зах зээлд танигдаж, хэрэглэгчдийнх нь тоо өсч, захиалга их байгаа ажээ.  

Тус үйлдвэрийг Сайнцагаан сумын иргэн, Дундговь хөгжил санаачилга ТББ-ын тэргүүн Б.Лхагвасүрэн санаачилан гэр бүлийн хамт  2018 оны 10 дугаар сард “Сум хөгжлийн сан”-ийн 30,0 сая төгрөгний зээлийн дэмжлэгтэйгээр байгуулжээ.

Тус үйлдвэрт “Говийн гэгээ” ХХК, “Өгөөмж” талх нарийн боовны үйлдвэр, Хулд сумын “Арвай” хэрчсэн гурилын үйлдвэрүүд талх, гурилан боов, хэрчсэн гурил, төрөл бүрийн бүтээгдэхүүнийхээ уутыг тогтмол захиалж хийлгэдэг бол төрийн байгууллагууд хурал, уулзалт семинарийн уутнуудаа ч захиалж хийлгэдэг байна.

Сардаа 10,0 мянга орчим уутны захиалга авч, захиалагчийнхаа хүссэн өнгө, загвар дизайнаар үйлдвэрлэхээс гадна тэдний хүссэн тоо хэмжээгээр хийж өгдөг гэдгээрээ уут үйлдвэрлэдэг том үйлдвэрүүдээс онцлогтой ажээ.

Шинэ жил, хүүхдийн баяр гээд баяр ёслолын үеэр тухайн тэмдэглэлт үйл явдлын онцлогийг харуулсан бэлэгний уут, төрөл бүрийн хайрцгуудыг ч захиалгаар үйлдвэрлэдэг нь хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээж байна.

Хоёр он солигдох энэ цаг мөчид ч гэсэн тус үйлдвэр “Шинэ жил”-ийн бэлэгний уутын захиалга авч, 2000 гаруй уутыг нийлүүлжээ.

Төрөөс хүн амын эрүүл мэнд болон байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийг багасгахын тулд нийлэг уут, хуванцар савны хэрэглээг бууруулах бодлого хэрэгжүүлж байгаа энэ цаг үед тус “Цаасан уутны үйлдвэр” нь цаг үеэ олсон, байгальдаа ээлтэй, хүн амын эрүүл мэндийг хамгаалсан, нийгмийн хариуцлагатай бизнесийн үйл ажиллагаа болж байгаа ажээ.     

Холбоотой мэдээ