ДЭЛХИЙ ДАХИНД-2018 ОН

Дэлхийд
nyamtulga@montsame.gov.mn
2018-12-26 13:27:54
twitter.com/Nyamkanmk

УЛААНБААТАР. /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг дэлхий дахинд 2018 онд болж өнгөрсөн онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна.


АНУ-БНАСАУ-ын түүхэн дээд хэмжээний уулзалт



АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт энэ оны 6 дугаар сарын 12-нд Сингапур улсад амжилттай болж, 1953 оноос хойш дайны байдалтай байгаа хоёр улсын удирдагчид анх удаагаа гар барилцан мэндчиллээ.

Сингапурын Сентоза арал дахь “Капелла” зочид буудалд болсон дээд хэмжээний уулзалтын өмнө Дональд Трамп, Ким Жөн Ун нар зөвхөн орчуулагчдаа байлцуулан ганцаарчилсан уулзалт хийв. Энэ уулзалтын дараа залгуулаад өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ болж, хамтарсан тунхаглал /мэдэгдэл/ гаргасан нь дэлхийн улс төрд тохиосон энэ оны хамгийн содон үйл явдлуудын нэг байв


  Хоёр Солонгосын харилцааны “дулаарал”



БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун энэ оны 4 дүгээр сарын 27-нд БНСУ-ын хилийн шугамыг давснаар тус улсын хилийг давсан БНАСАУ-ын анхны удирдагч болов.

Түүнийг БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин тосч, ийнхүү хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт эхэлсэн бөгөөд улмаар хоёр удирдагч 5 дугаар сарын 26 болон 9 дүгээр сарын 18-20-нд дахин уулзсан юм. Эдгээр уулзалтын гол зорилго нь хоёр улсын дайсагналыг зогсоож, Солонгосын Хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, энхийг тогтоох явдал юм. 


Хөл бөмбөгийн ДАШТ-2018 олон амжилтын анхдагч байв



Хөл бөмбөгийн 21 дэх удаагийн ДАШТ 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15-нд ОХУ-д боловЭнэ удаагийн ДАШТ-ийг зохион байгуулахад 14.2 тэрбум ам.доллар зарцуулсан нь бүх цагийн үеийн хамгийн өндөр зардалтай тэмцээнээр бүртгэгдсэн байна. Үүний зэрэгцээ уг тэмцээний шүүлтэд бичлэг ухраан үзэх технологийг ашигласан нь анхны тохиолдол болсон юм. Тэмцээний хүрээнд 64 тоглолт болсон бөгөөд эдгээр тоглолтыг нийт 3,031,768 хүн үзсэн байна. ДАШТ-ий финалд Франц-Хорватын шигшээ баг үлдэж, 4:2 онооны харьцаагаар Франц ялж, аварга болсон юм.


АНУ-БНХАУ худалдааны дайн”-тай байна



АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 1 дүгээр сараас эхлэн Хятадаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд шинээр гаалийн татвар ногдуулах шийдвэр гаргаснаар АНУ-Хятадын хооронд худалдааны “дайн” дэгдлээ.

Хятадын 34 тэрбум долларын бараанд татвар ногдуулах тухай шийдвэр 7 дугаар сарын 5-нд хүчин төгөлдөр болсны дараа Бээжингийн эрх баригчид Америкийн экспортлогчдод хариу цохилт өгч, шар буурцгаас авахуулаад цахилгаан автомашин хүртэлх олон төрлийн бараанд татвар ногдуулсан юм. Үүнээс хойш талууд олон тэрбум ам.доллараар үнэлэгдэх бараа бүтээгдэхүүнд харилцан татвар ногдуулсан билээ. Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны хооронд үүсээд буй энэ маргаан нь дэлхий дахиныг донсолгосон асуудал болоод байна. Гэсэн хэдий ч хоёр улсын төрийн тэргүүн нар Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж, бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулах арга хэмжээг 90 хоногоор хойшлуулахаар тохиролцож, энэ хугацаанд худалдааны маргааныг зохицуулах яриа хэлэлцээг хийхээр болсон юм.


В.Путин, Д.Трамп анхны уулзалтаа хийв



ОХУ болон АНУ-ын төрийн тэргүүн нар болох В.Путин, Д.Трамп нарын анхны бие даасан, бүрэн хэмжээний уулзалт 7 дугаар сарын 16-нд Финландын Хельсинки хотод боллоо.

Энэ уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаан дахь сөрөг байдлыг арилгаж, хэвийн болгох, олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллах зэрэг тохиролцоонд хүрсэн байна. Гэсэн хэдий ч АНУ “Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах тухай” гэрээнээс гарна гэж мэдэгдсэн нь талуудын харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа юм. Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Керчийн хоолойд болсон үйл явдлаас болж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзана, уулзахгүй гэж хэд хэдэн удаа шийдвэрээ өөрчилсний дараа Аргентин руу нисч байх замдаа эцсийн шийдвэрээ гарган төлөвлөсөн уулзалтаа цуцалж байгааг Цагаан ордон албан ёсоор мэдэгдсэн. Гэвч хоёр орны тэргүүн нар дээд хэмжээний уулзалтын хүндэтгэлийн зоогийн үеэр гар барин хэдэн үг солилцож амжжээ.


 В.Путин 4 дэх удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдов



Энэ оны 3 дугаар сарын 18-нд болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путин илт давуу буюу нийт сонгогчдын 76,6 хувийн саналаар ялав.

Ингэснээр тэрбээр 4 дэх удаагаа ОХУ-ын төрийн тэргүүнээр ажиллах болов. Тэрбээр 1999 оноос хойш ОХУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын албыг нийт 18 жилийн турш хашиж байгаа бөгөөд ийнхүү улиран сонгогдсоноор дахин зургаан жил улс орноо удирдах юм.


Индонезийг цочроосон байгалийн гамшиг, онгоцны осол



Энэ оны 9 дүгээр сарын 28-нд Индонезийн Сулавеси аралд 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт болж цунами үүсч, үер буулаа.

Уг байгалийн гамшгийн улмаас 2256 хүн амиа алдаж, 10679 хүн гэмтэж бэртсэний зэрэгцээ 70 мянга гаруй байшин барилга сүйдэж, 206 524 иргэн орон гэргүй болсон байна. Байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлын нийт хэмжээ 911 сая ам.доллар болжээ.

Түүнчлэн 10 дугаар сарын 29-нд агаарын тээврийн “Lion Air” компанийн “Boeing 737 Max 8” нисэх онгоц 189 зорчигчийг тээвэрлэн Жакарта хотоос хөөрсөн боловч Ява тэнгист осолдсон харамсалтай хэрэг гарлаа. Нийслэл Жакарта хотоос хөөрөөд 13 минутын дараа далайд унасан онгоцны ослын газарт аврах албаныхан ганц ч амьд зорчигч олж чадаагүй юм.


АНУ-ын завсрын сонгууль АН-д Цагаан ордныг хянах боломж олгов



АНУ-ын завсрын сонгууль 11 дүгээр сарын 6-нд болж, уг сонгуулиар АНУ-ын Төлөөлөгчийн танхимын 435 гишүүн, Сенатын танхимын 3/1 буюу тус танхимын 100 гишүүнээс 35-ыг нь сонгосон юм. 

Үүний зэрэгцээ энэ удаагийн Завсрын сонгуулиар Америкийн 39 мужийн амбан захирагч, орон нутгийн хууль тогтоох байгууллагын нийтдээ 6073 гишүүнийг сонгожээ. Сонгуулийн дүнгээр Бүгд найрамдах нам Конгрессын дээд танхим болох Сенатад олонхийн байр сууриа хадгалж үлдэж чадсан бол Ардчилсан намынхан доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд 218-аас дээш тооны суудал авснаар олонх болсон төдийгүй 22 муж улсад захирагчийн сонгуульд ялалт байгуулав.

Энэ сонгуулийн үр дүнд Ардчилсан намынхан Төлөөлөгчдийн танхимын олонхи болсноор Цагаан ордны үйл ажиллагааг хянах боломжтой болж байна. Хэдийгээр тэд сайд нар болон дээд албан тушаалтнуудыг томилоход нөлөөлж чадахгүй боловч Засгийн газрын гишүүдийн үйл ажиллагааг ажиглан хянаж байх үүргээ гүйцэтгэх болно. Гэвч Бүгд Найрамдах нам /БНН/ Сенатын танхимдаа олонхийн байр сууриа хадгалж үлдсэн нь Д.Трампын хувьд баярлууштай үр дүн юм. Учир нь Сенат нь Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж байдаг. Тодруулбал, Ерөнхийлөгчийн санал болгосон хүмүүсийг сайд, Элчин сайд, Дээд шүүхийн шүүгч, холбооны шүүгч зэрэг өндөр дээд албан тушаалд томилох эсэхийг Сенатын гишүүд шийднэ. Сенатад БНН хяналтаа алдаагүй учраас ойрын хоёр жилийн хугацаанд Д.Трамп томилгооны асуудал дээр санаа зовохгүй юм.


Нас барсан эмэгтэйн савыг шилжүүлэн суулгасан бүсгүй хүүхдээ эсэн мэнд төрүүлэв



Бразилд нас барсан эмэгтэйн савыг шилжүүлэн суулгасан бүсгүй хүүхдээ эсэн мэнд, эрүүл төрүүлсэн нь эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт гарсан нэгэн шинэ нээлт, онцлох үйл явдал боллоо.

Энэ нь нас барсан эмэгтэйгээс сав шилжүүлэн суулгаж, улмаар хүүхэд нь эсэн мэнд мэндэлсэн анхны тохиолдол юм. Өмнө нь 2014 онд Шведэд амьд эмэгтэйгээс сав шилжүүлэн суулгасан бүсгүй төрж байжээ. 


 Сансар судлалд шинэ зам гаргав



Энэ онд АНУ-ын “SpaceX” компани дэлхийн тойрог зам руу 64 хиймэл дагуул хөөргөж, шинэ дээд амжилт тогтоолоо.

Үүнээс гадна АНУ-ын “НАСА” агентлагийн “InSight” сансрын аппарат Ангараг гараг дээр амжилттай газардаж, тус гарагийн салхины чимээ, гэрэл зураг зэргийг анх удаа хүн төрөлхтөнд илгээсэн нь шуугиан тариад байна. 


Холбоотой мэдээ