Хэрэглээний зээлийн дээд хугацааг 1 дүгээр сарын 1-нээс 30 сар болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-12-26 15:21:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас баталсан шинэ журмын дагуу иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар тогтоосон. Энэ журмыг 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөж эхэлнэ. 

Манай улсын өрхийн нийт өр өмнөх оны мөн үеэс 20 хувиар өсч, 10,587 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь нийт зээлийн 57 хувийг бүрдүүлж байна. Шинээр олгож буй цалингийн зээлийн хугацаа 40 сар байгаа нь иргэдийн өрийн дарамтыг өсгөж байгаа учраас Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос банкнаас иргэдэд олгох зээлийн хугацааг хамгийн ихдээ 30 сар байхаар шийдвэрлэсэн.


Өөрөөр хэлбэл иргэд татварын дараах орлогынхоо хамгийн ихдээ 70 хувийг зээлийн үндсэн болон хүүний төлбөрт төлнө гэсэн үг. Эдгээр шийдвэрүүд нь иргэд орлогынхоо тодорхой хувийг амьжиргааныхаа наад захын хэрэгцээг хангахад зарцуулах, өрхийн өрийн дарамтыг цаашид нэмэгдүүлэхгүй байх, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чухал нөлөөтэйгээс гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх бизнессийн зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй гэж Монголбанкнаас  үзжээ.


Энэхүү шийдвэр нь ипотекийн зээлээс бусад иргэдийн зээлд хамаарах юм. Банкуудын иргэдийн зээлийн дундаж хугацаа 27 сар буюу дийлэнх иргэн 30 сараас бага хугацаатай зээлтэй. Тэтгэврийн, малчны зээлүүд хоёр жилээс бага хугацаатай байна. Иймээс энэ шийдвэр одоогийн олгогдож байгаа иргэдийн зээлд төдийлөн нөлөөлөхгүй харин ч өрхийг өрийн дарамтанд орох, эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой юм байна.

Холбоотой мэдээ