Манжуурын олон улсын чуулга уулзалт боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-27 11:08:37
МОСКВА. /RIA Novosti/. Манжуурын олон улсын 4 дэх удаагийн чуулга уулзалт Өвөр Монголын өөртөө засах орны Манжуур хотод даваа гарагт боллоо. Чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид Хятад, Орос, Монгол гурван улс хоорондын хөгжлийн асуудлаар санал бодлоо илэрхийлжээ.

“Бүс ба зам” санаачилгын хүрээнд янз бүрийн төслүүдийг хэрэгжүүлэх, мөн олон улсын хамтын ажиллагааг дэмжих чиглэлд сүүлийн жилүүдэд Манжуур хот чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэж тус хотын дарга Сюй Айлянь чуулга уулзалтын үеэр онцлон дурдсан байна.

Хятад болон Орос хамтран ажиллах нь чухал болохыг Хятадын Худалдааны яамны дэргэдэх Евразийн хэрэг эрхэлсэн газрын дарга Люй Тао мэдэгдээд, хоёр орны худалдаа өсөх хандлагыг хадгалах, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулах, хоёр талын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгөхийн тулд санхүүгийн хамтын ажиллагааны түвшнийг дээшлүүлэх нь зайлшгүй чухал гэдгийг цохон тэмдэглэжээ.

Хятад, Орос, Монголын шинжээчид, эрдэмтэд, үйлдвэр эрхлэгчдийн санаачилсан Манжуурын олон улсын чуулга уулзалтын гол зорилго нь гурван улсын бүс нутгийн хамтын ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх юм. 2015 оноос хойш хойш уг чуулга уулзалтад гурван орны 1000 орчим шинжээч, эрдэмтэн, төрийн түшээд оролцсон байна.
Холбоотой мэдээ