Онц их хэмжээний эд зүйл хулгайлсан хэргийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-12-27 16:59:41

Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн төв Даланзадгад суманд энэ сарын 25-ны өдрийн 21 цагийн үед үйлдэгдсэн 150 гаруй сая төгрөгийн хохиролтой хулгайн хэрэг гарсан билээ.

Тус аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид иргэдийн мэдээллийн дагуу шуурхай эрэн сурвалжилж нотлох баримттай нь илрүүлсэн байна. Холбогдогч этгээдүүд нь Улаанбаатар хотын харъяат иргэд байх бөгөөд өөрийн унаатайгаа ирж бусдын орон байранд нэвтэрч онц их хэмжээний эд зүйл хулгайлсныг тус Цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Цагдаагийн байгууллагыг шуурхай ажиллаж, гэмт хэргийг илрүүлэх боломж олгож, мэдээллээр дэмжлэг үзүүлсэн иргэдээ баярлаж буйгаа мэдэгдсэн юм.
Баяр ёслолын үеэр иргэдийн сонор сэрэмж суларсантай холбоотойгоор хулгайлах гэмт хэрэг ихэсдэг. Иймд иргэд өөрийн эд хөрөнгө, орон байраа эзэнгүй орхихгүй байх, олон хоногоор эзгүй явах үедээ бусдад захиж үлдээж байхыг анхааруулж, сэрэмжлүүлж байна.

Холбоотой мэдээ