Баярын өдрүүдээр 11 жолооч согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт баярын
өдрүүдээр зам тээврийн ноцтой осол гараагүй, харин нийт зам тээврийн 326 зөрчил
илрүүлсэн тухай Замын цагдаагийн тасгаас мэдээлэв.
Завханы Замын цагдаагийн тасгийн 18 алба хаагч баярын өдрүүдээр Их-Уул, Тосонцэнгэл, Улиастай сумдад 24 цагийн эргүүл постонд гарч ажиллажээ. Эдгээр өдрүүдэд нийт 326 зам тээврийн зөрчил илрүүлснээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 11 зөрчлийг илрүүлж гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс сэргийлжээ. Мөн баярын өдрүүдээр жолооч нарт зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаарх зөвлөмжийг өгснөөс гадна замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд соёлтой оролцож буй жолооч нарыг урамшуулжээ. Түүнчлэн Замын цагдаагийн тасгийн алба хаагч нар "Шинэ жил-2018" нэгдсэн арга хэмжээний хүрээнд шѳнийн хяналт шалгалтыг баяр ёслолын үеэр эрчимжүүлэн ажиллаж жолооч, зорчигчдод замын хөдөлгөөний дүрмийн талаарх зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд анхааруулах, сануулах арга хэмжээ авчээ.