ИТХ-аар тулгамдсан 50 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-02 21:57:35

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аймаг орныхоо хөгжлийг дэмжсэн, иргэдийнхээ эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн олон чухал шийдвэр, бодлогуудыг баталж, нэг зүгт чиглэсэн зорилготой нэгэн баг болон ажиллаж байна.

Тус хурал бүрэн эрхийн хугацаандаа аймгийн ИТХ-ын хуралдааныг 13 удаа бэлтгэлийг ханган хуралдуулж, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, ажил амьдралын тулгамдсан 50 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, бодлого зорилтоо тодорхойлсон, үүрэг чиглэл өгсөн, үйл ажиллагааны дүрэм журам тогтоосон шийдвэрүүдийг гаргажээ. Сэлэнгэ аймгийн хувьд бэрхшээл, зөрчил дагуулсаар ирсэн асуудлын нэг бол газар тариалан, мал аж ахуйн хоорондын асуудал байсан. Засгийн газарт удаа дараа тавьж байсан хүсэлтүүд энэ бүрэн эрхийн хугацаанд биелэл болж Сэлэнгэ аймгийн 16 сумын 44 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоож өгсөн нь эрх зүйн томоохон дэмжлэг болжээ. Мөн шинэ оны босгон дээр хуралдсан аймгийн ИТХ-ын 13-р хуралдаанаар аймгийн хэмжээнд бэлчээр хадлангийн талбайн доройтлыг бууруулах хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирэх оны эхнээс эхлэн жил бүр нэг хонин толгойд ногдуулах бэлчээрийн газрын төлбөрийг тухайн газрын тогтоосон суурь үнэлгээний 0.03 хувиар ногдуулан авахаар тогтоолоо. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэн бэлчээр ашигласны төлбөрийг бэлчээр хадлангийн талбайг нөхөн сэргээх, ашиглалтыг сайжруулах, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зэрэг ажил арга хэмжээнд зарцуулах юм байна. Энэ шийдвэртэйгээ холбогдуулан Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт уламжиллаа. 

Мөн аймгийн ИТХ-аар Сэлэнгэ аймгийн “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” бодлогын баримт бичгийг батлахаар боловсруулалтын үе шатанд явж байгаа аж. Энэхүү бодлогын баримт бичиг нь үе үеийн аймгийн удирдлагуудын гарын авлага, ширээний ном болон аймаг орон нутгаа хөгжүүлэх зорилтыг багтаасан томоохон бодлогын баримт болох юм.

Мөн тус хурал, Тэргүүлэгчдээс батлан гаргасан тогтоол шийдвэр, хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтийн явц, үр дүнгийн талаар сум, байгууллага, албан тушаалтны мэдээлэл сонсголыг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт, үүрэг чиглэл өгч, шаардлагатай тогтоол шийдвэрийг гаргах ажлыг жил бүрийн ажлын төлөвлөгөөндөө зориуд тусгаж хэрэгжүүлсэн нь зохих үр дүнгээ өгчээ.  

 

Холбоотой мэдээ