55 зохиолч, яруу найрагчийн хөргийг урлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-03 18:25:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Зохиолчдын Эвлэлийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний төв "Бэст Арт Галерей"-тэй хамтран үе үеийн  яруу найрагчдын хөрөг зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэнг нээж МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Цэнджав " Зохиолч, яруу найрагчдын зургийг хөрөглөн зөвхөн гаднах төрх байдлаар бус дотоод сэтгэлийг хослуулсан энэ үзэсгэлэнг 90 жилийн ойд зориулан бүтээсэн зураачдад ихэд баярлалаа" гэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан "Хүмүүн заяанд гурван эрдэм бий гэдэг. Сэтгэлийн эрдэм, оюуны эрдэм, ухааны эрдэм. Энэ гурван эрдмийг амилуулагч нь яруу найрагч, зураач, хөгжмийн зохиолч гурав. Энэ удаа зураач, яруу найрагч нар нийлэн хөрөг зургийн үзэсгэлэн нээж байгаа нь сайхан байна" хэмээн үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн уран бүтээлч, зочдод урам хайрлалаа.

Үзэсгэлэнг МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Лхагва санаачлан, "Бэст Арт Галерей"-н захирал, зураач С.Чулуунбаатар дэмжиж нийт 55 зохиолч, яруу найрагчийн хөргийг 25 зураач урлан бүтээжээ. Хөрөг зураг бүхний дор яруу найрагч А.Лхагва шүлэг тэрлэсэн байна. Энэхүү үзэсгэлэгийн зургуудыг Монголын хөрөг зургийн нэрт мастер МУСГЗ Н.Орхон, МУСГЗ Д.Гунгаа, МУЭ-ийн шагналт зураач Н.Орсоо, Б.Насанцэнгэл, Ц.Болд, С.Ганболд, Ч.Алимаа,  Ц.Батжаргал, МУЭ-ийн гишүүн зураач С.Алтангэрэл, Д.Батбилэг, МУЭ-ийн гишүүн зураач С.Баярбаатар, Т.Найманчулуун, С.Чулуунбаатар, Б.Хонгорзул,Б.Отгонтүвдэн, Ц.Баттөр, А.Өлзийжавхлан,  Т.Өлзийжаргал, С.Мөнхбаатар, Л.Давааням,Л.Баярцэцэг, Г.Сэр-Од, Зураач Х.Ганбат, П.Бат-Орших,  Ө.Эрдэнэбулган, Х.Баяр, М.Болортуяа нар зуржээ.  Үзэсгэлэнд Монголын шинэ үеийн утга зохиолын их өргөөний тулгыг тулж, галыг бадраалцсан С.Буяннэмэх, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нараас эхлээд үе үеийн найрагчийн хөрөг  дээжлэгдэн дэлгэгдсэн байна.


Холбоотой мэдээ