Гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төсөл өргөн мэдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-03 19:21:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ. Энэ талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийв.

Тэрбээр, “Дээрх хуулийн төслүүдэд УИХ-ын даргыг чөлөөлөх заалтыг нэмж тусгасан. УИХ-ын тухай хуульд, “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор гаргаж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг чуулганаар баталсан тохиолдолд чөлөөлнө” гэсэн заалт нэмэхээр тусгасалаа. Мөн УИХ-ын дэгийн тухай хуульд, “УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг нэн яаралтай дэгээр хэлэлцэнэ” гэсэн нэмэлт оруулж байгаа юм. Хуулийн төслүүдийг өнөөдөр өргөн мэдүүлэхээр төлөвлөж, УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн боловч зарим бичиг баримтын бүрдэл дутуу гэсэн шалтгаанаар түр хойшлуулаа. Маргааш буюу энэ сарын 04-нд дутуу бичиг баримтуудыг бүрдүүлэн өргөн мэдүүлэх болно. УИХ-ын хамгийн сүүлчийн чуулган арванхоёрдугаар сарын 06-нд хуралдсан. Үүнээс хойш чуулган огт хуралдаагүй тул төрийн үйл ажиллагааг тогтвортой явуулах үүднээс энэ хуулийн төслийг өргөн мэдүүлэх болсон юм” гэлээ.


Холбоотой мэдээ