Улаанбаатарын өвлийн наадам ирэх сард болно

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-01-04 09:57:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх хоёрдугаар сарын 16-17-нд нийслэлд өвлийн наадмыг зохион байгуулна.

2010 оноос хойш хийж ирсэн "Улаанбаатарын өвөл" наадмыг энэ удаа “Скай ресорт” цанын баазтай хамтран зохион байгуулах талаар Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх мэдээллээ. Өвлийн наадмаар үндэсний уламжлалт тоглоом наадмын нэг сурын улсын аварга шалгаруулах тэмцээн, мөн мөсний шагайн тэмцээн болно. Мөсөн хананд авирах, нохойтой чарга, сноуборд, олс таталт зэрэг иргэдийг хамруулсан гэр бүлийн тэмцээнүүд зохион байгуулж нийслэлийнхнийг өргөнөөр оролцуулах ажээ. Энэ үеэр иргэдэд халуун хоол хүнсээр үйлчилж, амьтны минипарк зэрэг хүүхэд залуусын сонирхлыг татах үйл ажиллагаанууд ч зохиох юм байна.

Өнгөрсөн жил болсон өвлийн наадмын мөсөн сур, шагайн тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО болон ОХУ-ын Буриад улсаас тус бүр 10-аад тамирчин ирж оролцжээ. Цаашдаа энэхүү наадмыг олон улсын шинж чанартай болгон хөгжүүлж гадаад, дотоодын жуулчдыг татах арга хэмжээ болгохыг зорьж байгаа юм байна. 

Холбоотой мэдээ