Цас их унавал бөхөнгийн амьдрах нөхцөл хэцүүдэхээр байна

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2019-01-04 17:11:36

Ховд/МОНЦАМЭ/ Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд “Бөхөн хамгаалах сүлжээ” багтай хамтран  Монгол бөхөнгийн нутгаар явж нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Хээрийн судалгааны нөхцөлөөс үзэхэд бэлчээр маш хомс, бөхөнгийн байршил алдагдсан, тархуу байршсан байв.

Шаргын говийн Хүрэн гол, Ямбатын тал, Өгөөмөр зэрэг газар нь жилийн дөрвөн улиралд бөхөн олон тоогоор байнга байршдаг газар юм. Өмнөх жилүүдэд энд дор хаяж 10 сүргийн 100-300 толгой бөхөн таардаг байсан бол энэ удаа маш цөөн таарсан нь энэ ховор амьтан эрс цөөрсний нотолгоо болсныг бөхөн хамгаалагчид ярьж байв.
“Бөхөн хамгаалах сүлжээ баг”-ийн ахлагч Б.Батсайхан “Монгол бөхөнгийн нөхцөл байдал өмнөх хоёр жилийн байдлаас дээрдсэн зүйл алга байна. Энэ зуны хувьд бөхөнгийн тархац нутаг болох Дөргөний хүрэн тал, Хүйсийн говь, Шаргын говьд наймдугаар сарын сүүл хүртэл хур тунадас тун бага орж өвсний гарц гэх зүйлгүй зуншлага тааруу байлаа. Харин наймдугаар сарын сүүлээр бөхөнгийн нутгийн зарим хэсгээр хур бороо орж бэлчээрийн гарц сайжирсан боловч малчид малаа тарга тэвээр авхуулах зорилгоор бэлчээрийн гарц сайжирсан газарт бэлчээрлүүлж тухайн бэлчээрийг ерөнхийд нь дуусгасан байна. Өвлийн хувьд Дөргөний хүрэн тал, Хүйсийн говь, Шаргын говьд бөхөнгийн гол байршдаг хэсгүүдэд үнэндээ бөхөнд идэх өвс алга. Зарим нутгаар, ялангуяа Дарвийн нурууны хойд бэл, Хүйсийн говьд үлдсэн багахан шар өвс арваннэгдүгээр сард болсон хүчтэй шуурганы үед хийсэж, бүртийх өвс үлдээгүй. Намар усны эх үүсвэрээс хол алаг цоог багахан бэлчээр малын хөлд сүйдэлгүй үлдсэн. Энэ маш бага талбай бүхий цөөн хэдэн тасархайтсан газар бөхөнгийн хувьд өвлийг давах гол амин сүнс нь болох төлөвтэй. Хэрэв цас ихээр орвол бөхөнгийн нөхцөл байдал энэ өвөл хүндрэх төлөвтэй байна”  гэв.   
Байгаль цаг уурын таагүй нөхцөл, халдварт өвчний дэгдэлт, хууль бус агнуур нь монгол бөхөнгийн тоо толгойг бууруулж байсан баримтууд бий. Тухайлбал, 2001 оны зун гантай байж, улмаар 2002 оны өвөл тохиосон зуднаар Монгол бөхөнгийн тоо толгой 750 болтлоо буурч байсан гашуун түүх бий. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон бусад талуудын хамтын хичээл зүтгэлээр Монгол бөхөнгийн тоо, нөөц, байршил нутаг сүүлийн 10 жилд мэдэгдэхүйц нэмэгдэж 2014 оны байдлаар тоо толгой 14,000-д хүрч, тархац нутаг 13 хувиар нэмэгдсэн. Харамсалтай нь, 2016 оны сүүлээр бог малын мялзан өвчний улмаас тоо толгой эрс буурч 2018 оны 3 дугаар сарын тооллогоор 3000 орчим бөхөн үлдэж хоцроод байна.
Үүнээс хойш өвчний тархалт буурч, зогссон боловч Монгол бөхөнгийн тархац нутгийн хэмжээнд бэлчээр сэргэн ургахгүй байсаар ган гачигийн байдалтай энэ зун, намрыг үдэж байна. Тэгвэл ган, зудын эрсдэлийг бууруулах оновчтой арга нь одоогоор нүүдлийн замыг нь чөлөөтэй байлгах, өвс тавих зэрэг биотехникийн ажил багтана. Ийм учраас монгол бөхөнгийн нүүдлийн замыг чөлөөтэй байлгах талаар бүхий л талууд анхаарч ажиллах шаардлагатай байна гэж ДБХСангаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ