Сүхбаатар аймагт тэмээн сүргийн тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-01-07 21:07:49

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2018 оны жилийн эцсийн өрх хүн ам, мал тооллогын урьдчилсан дүн мэдээг аймгийн Статистикийн хэлтсээс танилцууллаа. Сүхбаатар аймгийн мал сүргийн тоо урьд оноос дөрвөн төрөл дээрээ 188,4 мянган толгойгоор өсч, 3,7 саяд хүрсэн байна. Харин тэмээн сүргийн тоо урьд жилээс 108 толгойгоор буурчээ.

Тодруулбал адуу 327,3 мянга, үхэр 251,6 мянга, хонь 1 сая 922,1 мянга, ямаа 1 сая 207,5 мянгад хүрчээ.

Тус аймаг нийт мал сүргийнхээ тоогоор улсад наймдугаар байранд бичигдэж байна. Харин аймагтаа хамгийн олон мал тоолуулсан эхний таван сумаар Баяндэлгэр /466,0 мянга/,  Мөнххаан /457,7 мянга/, Баруун-Урт /386,0 мянга/, Эрдэнэцагаан /362,8 мянга/, Сүхбаатар /331,2 мянга/ сумд нэрлэгджээ.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баруун-Урт, Мөнххаан сум Монгол Улсын 330 сум дотор нийт адууны тоогоор эхний гурван байрыг эзэлж байна. 

Өрх, хүн амын хувьд 2018 оны эцэст 18,3 мянга өрх, 62,4 мянган хүн амтай болж урьд оноос өрх 267-оор, хүн ам 1078-аар өссөн байна.

Холбоотой мэдээ