Үнэт цааны арилжааны дансыг 11 мянга гаруй иргэн шинээр нээлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-01-08 09:27:01

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд иргэдэд үнэт цаасны арилжааны данс нээх албан ёсны эрхтэй МОНСЕК гэх ганц брокер, диллерийн компани үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор тус компанид 30 орчим мянган  иргэн данстай байгаагаас 11 мянга гаруй нь  2018 онд шинээр нээлгэсэн байна.

“Манай компани албан ёсны эрхтэйгээр үнэт цаасны арилжааны чиглэлээр бүх хувьцаат компанитай зуучлалын шугамаар хамтран ажилладаг. Тэгэхээр Эрдэнэс таван толгой ХХК-тай хамтран ажиллах эрхтэй гэсэн үг. Манайх Сүхбаатар аймгаас гадна Улаанбаатар хот болон Дорнод аймагт үйл ажиллагаа явуулах эрхтэй. Одоогоор эдгээр гурван газарт нийт 80 мянган харилцагчтай болоод байна. 1072 хувьцааны борлуулалттай холбоотойгоор 2018 оны зунаас эхлэн өнөөг хүртэл зөвхөн Сүхбаатар аймагт 11 мянга гаруй  хүн шинээр данс нээлгэсэн. Өдөрт дунджаар 40-50 хүн тогтмол шинээр данс нээлгэж байна. Өнгөрсөн онд аймгийнхаа ихэнх сумдад ажиллан иргэдэд мэдээ мэдээлэл өгч, шинэ данс нээх ажлаа хийгээд ирсэн. Брокерийн үйл ажиллагаа явуулах эрхтэй ч, үйл ажиллагаа нь тогтмолжоогүй, ирээдүй нь баталгаагүй компанийн нэг ажилтан Мөнххаан сумын 400 орчим иргэнд 5000 төгрөгийн хураамжтайгаар шинээр данс нээсэн асуудал гарсан. Хэдийгээр тэдгээр иргэд манайд данс нээлгэж болох ч хураамжны мөнгөө дахин төлнө гэсэн үг. Одоогоор нэг ширхэг хувьцааны үнэ тогтоогдоогүй хэдий ч үнэ тодорхой болсон тохиолдолд хувьцаагаа зарах хүсэлтэй иргэд заавал данс нээлгэсэн брокерийн компаниараа дамжуулан арилжих ёстой. Тиймээс тухайн компанид данс нээлгэсэн иргэдийн хувьд энэ тал дээр асуудал үүсэхийг үгүйсгэхгүй” хэмээн Монсек үнэт цаасны компанийн брокер Ц.Болор хэллээ.

Харин эдийн засагч Ц.Мөнхбаяр хэлэхдээ “Эрдэнэс таван толгой ХХК-ийн 1072 ширхэг хувьцааны борлуулалттай холбоотойгоор иргэд маш их хошуурч, дансаа нээлгэж байна. Данс нээлгэх нь зөв хэдий ч цаашид хувьцааны үнэ ямар байх нь тодорхойгүй байгаа учир хувьцааны үнэ тогтоогдсон ч иргэд яаран хувьцаагаа худалдахгүй байх нь хамгийн зөв. Эхний ээлжинд хувьцаанаасаа ноогдол ашгаа хүртээд явж байх хэрэгтэй:” гэв.

Улсын хэмжээнд албан ёсны эрхтэй 47 брокерийн компани байдаг аж. 

Холбоотой мэдээ