Энэ онд 3,2 тэрбум төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-01-09 13:04:52

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн 2019 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөө батлагджээ. Аймгийн хэмжээнд нийт 46 нэр төрлийн гурван тэрбум  233,6 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах юм байна.

Үүнээс орон нутгийн хөгжлийн сангийн 2,2 тэрбум төгрөгөөр 31 төрлийн, Байгаль хамгаалах нөөцийн сангийн хөрөнгийн 135,7 сая төгрөгөөр таван төрлийн, удирдлага болон хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр 315 сая төгрөгөөр есөн төрлийн, улсын төсвийн 520,9 сая төгрөгөөр нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөгөөнд тусгажээ.

МСҮТ-ийн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн ангийн суралцагчдад зориулсан дадлагын талбай барих, Баяндэлгэр суманд нийтийн ахуй үйлчилгээний барилга шинээр барих, Баруун-Урт сумын зургаадугаар багийг жишиг баг болгон тохижуулах, шүүхийн шинжилгээний лабраторийн тоног төхөөрөмж авах зэрэг ажлууд орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэнэ. Харин байгаль хамгаалах нөөцийн сангаар Мөнххаан, Түмэнцогт, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Дарьганга сумдад тарвага нутагшуулах, Ганга нуурын дэргэд байгальд ээлтэй био жорлон барих, Баруун-Уртын голын хашаа хамгаалалтыг шинэчлэх болон бусад ажлууд хийгдэх аж.

Сумдын эрүүл мэндийн төв, ЗДТГ-ын авто машины шинэчлэл, барилга байгууламжийн урсгал болон их засварын ажлууд, Баруун-Урт сумын хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдсан иргэдэд 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдаалах дэлгүүрийг сонгон шалгаруулах ажил нь бусад санхүүжилтийн эх үүсвэрээр хийгдэх юм байна. 

Холбоотой мэдээ