Чуулганаар прокурорын байгууллагын саналыг хүлээн авахаас татгалзав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-01-11 16:55:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, хүлээн авахаас татгалзлаа.

Б.Ундармаа гишүүний хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан хэргийг АТГ шалгаж байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл байдал тогтоосон тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас УИХ-д ирүүлсэн. Уг асуудлыг өнгөрсөн шөнө буюу 02.12 цагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед АН-ын бүлэг түр завсарлага авсан бөгөөд тэрхүү хугацаа нь өнөөдөр 10.00 цагт дууссан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

Тухайлбал, Б.Энх-Амгалан гишүүн Б.Ундармаа гишүүнээс мөрдөн байцаалтад саад учруулах, нөлөөлөх үйлдэл гаргасан эсэхийг тодруулав. “АТГ-аас намайг нэг удаа дуудаж байцаалт авсан. Мөрдөн байцаалтад нөлөөлөх оролдлого хийгээгүй” хэмээн Б.Ундармаа гишүүн хариулав.

Харин М.Билэгт гишүүн, “Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Ерөнхийлөгчийн боловсруулсан УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцэж байгаа нь улс төрийн зорилготой мэт харагдаж байна” гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй сар гаруй болсон бөгөөд энэ үед бүрэн эрх түдгэлзүүлэх асуудал өргөн барих нь үр дүнгүй хэмээн үзсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан тайлбарлав. Тэрбээр, “Ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн мэдүүлсний дараа, МАН-ын бүлгийн дарга чуулганы ирц бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа хэвлэл мэдээллээр зарласан. Тиймээс чуулганы хуралдаан тогтмол хуралдана хэмээн үзэж, саналаа хүргүүлсэн юм” хэмээв.

Мөн Х.Нямбаатар гишүүн, “ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой хэрэг гурван сар гаруйн хугацаанд нийгмийн анхаарлын төвд байгаа. Тиймээс энэ сангаас зээл авсан УИХ-ын бусад гишүүнээс эхлээд төрийн бүх өндөр албан тушаалтны асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй. Түүнчлэн нийгэмд дуулиан тарьсан бусад авлига, албан тушаалын хэргийг ч цаг алдалгүй шийдвэрлэхэд Улсын ерөнхий прокурор анхаарч ажиллах нь чухал” хэмээв.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.1 хувь нь прокурорын байгууллагын саналыг хүлээн авахаас татгалзлаа.

Чуулганы хуралдаанаар одоо Г.Солтан, Г.Дамба-Очир, Л.Энх-Амгалан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ