Хөшөөт багийг ирэх намар нүүлгэн шилжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-14 12:04:21

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймаг болон Мо-Эн-Ко ХХК-ийн 2017-2020 онд хамтран ажиллах гэрээний дагуу Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх, суурьшуулах ажлын хэсэг байгуулж, улмаар энэ оны 09 дүгээр сард тус багийг бүрэн нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна.

Хөшөөт багийн шинэ суурьшлын бүс нь Цэцэг сумын төвөөс 4-5 метрийн зайд  байх ба 2018 онд Улсын төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Багийн төвийн барилга”-ыг бүтээн байгуулж, орон нутагт хүлээлгэн өгсөн байна. Мөн Мо-Эн-Ко ХХК-ийн Хөшөөтийн уурхайгаас нэг загварын 100 гаруй айл өрхийн хашааг барьсан зэрэг нэлээд ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Цэцэг сумын Засаг дарга Ж.Мөнхзориг цаашид шинэ багийн төв дээр цэцэрлэг, соёлын төв, цэвэрлэх байгууламж, нэгдсэн халаалтын ажлуудыг хийж гүйцэтгэнэ хэмээв. 

Хөшөөтийн уурхайгаас 20-30 орчим метрийн зайд Цэцэг сумын Хөшөөт баг байрладаг. Тус багт 200 гаруй өрхийн 820 орчим иргэн амьдарч байгаа бөгөөд уурхайн үйл ажиллагаа, хөрсний эвдрэл, тоосжилтоос шалтгаалан оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байгаа учир нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ.

                                                                                                              Н.Лхагва    


Холбоотой мэдээ