Төмс хүнсний ногооны 7-30 хүртэлх хувийг орон нутагтаа тариалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-01-14 20:43:40

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд тариалангийн эргэлтийн нийт 34520,3 мянган га талбайтай. Үүнээс жилдээ 7-15 мянган талбайд тогтмол тариалалт хийж байна. Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд төмс 59,7 га талбайгаас 550 тонн, Хүнсний ногоо 29,7 га талбайгаас 256 тонн тус тус хураан авчээ. Ингэснээр хүн амын хүнсний ногооны долоо, төмсний хэрэгцээний 28 хувийг орон нутагтаа тариалж байна.

 

Тус аймагт газар тариалангийн ажил 2014 оноос эрчимтэй хөгжиж байна. 2018 оноос үр тарианы аж ахуй орон нутагт дахин сэргэж 34 мянган талбайг эргэлтэнд оруулж эхэлсэн. 2017 онд тариалсан талбай, хураан авсан ургац өссөн ч 2018 онд тариалсан, хураан авсан ургац буурсан энэ нь цаг агаарын нөхцөл байдал, ган гачгаас үүдэлтэй аж. Мөн аймгийн хэмжээнд долоон үр тарианы аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдагаас 2018 онд үр тариа эрхлэгч дөрвөн аж ахуйн нэгж  Түмэнцогт, Сүхбаатар, Асгат сумын нутагт 5050 га-д буудай, 1840 га-д овьёос, 1604 га-д рапс, 150 га-д тэжээлийн ургамал  тариалж, 1331 тн  буудай, 669 тн овьёос, 329 тн рапс, тус тус хураан авч, 10000 га-д уринш боловсруулалт хийжээ. Харин 86 хүлэмж 7150 м2 талбайд тариалалт хийсэн байна. 2018 онд хамгаалагдсан хөрсний аж ахуйн долоон нэр төрлийн таримал ургамал тариалсанаас 40,4 тн ургац хураан авсан байна

Сүүлийн хоёр жилийн хугацаанд сум хөгжүүлэх сан болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 115 орчим сая төгрөгийн зээлийг газар тариалангийн бизнес эрхлэгчдэд олгожээ. Газар тариалангийн салбарт орох хүсэлтэй иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа бөгөөд насны ангилалаар авч үзвэл /35-55/ насны хүмүүс их сонирхож байна хэмээн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Аймгийн хэмжээнд 204 тариаланч иргэн, 12 аж ахуй нэгж, 35 төрийн ба төрийн бус байгуулага бүртгэлтэй байдаг. Үүнээс “Улсын тэргүүний хоршоо” нэг,  “Аймгийн аварга тариаланч хамт олон” дөрөв, “Аймгийн аварга тариаланч иргэн” зургаа төрөн гарчээ.

 

 

Холбоотой мэдээ