Польшид "Huawei" компанийн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-14 14:32:36

ВАРШАВ. /Reuters/. Польшийн Засгийн газар төрийн байгууллагын ажилтнуудад Хятадын “Huawei” компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглож магадгүй байна. Түүнчлэн Хятадын тоног төхөөрөмжүүдийн хэрэглээг хуулиар хязгаарлаж магадгүй байгаа тухай Польшийн Тоон технологийн яамны төлөөлөгч Кароль Оконьский мэдэгджээ.


“Төрийн байгууллагын ажилтнуудын Хятад брэндийн тоног төхөөрөмжүүдийг ашиглах байдалд хяналт тавьж магадгүй. Хувийн компаниуд болон иргэдэд Huawei” компанийн бүтээгдэхүүнүүдийг ашиглахыг хориглох үндэслэл бидэнд байхгүй. Энэ бүхнийг тусгах хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг бид хэлэлцэж магадгүй” хэмээн тэрбээр ярьсан байна.


Польш болон Хятадын иргэдийг баривчлан саатуулсан тухай Польшийн тусгай албаны дэд зохицуулагч Мачей Вонсик өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн юм.


“Польш болон Хятадын иргэнийг тагнуул хийсэн хэрэгт буруутган баривчлан саатуулсан. Тусгай албаныхан энэ хэрэгт эртнээс, маш анхааралтай ажилласан” хэмээн тэрбээр ярьжээ.


Баривчлагдан саатуулагдсан 2 этгээдийг Хятадын тагнуулын газартай хамтран ажилласан хэрэгт буруутгаж байгаа аж. Ийм хэрэг үйлдсэнийх нь төлөө тэдэнд 10 хүртэлх жилийн хорих ял оноож магадгүй байгаа бөгөөд одоогоор сэжигтнүүдэд 3 сарын хугацаатай түр баривчлах хэлбэрээр хорих арга хэмжээ авч хэрэгжүүлэх шийдвэрийг шүүх гаргаад байгаа аж. 

Холбоотой мэдээ