Хугацааны өмнөх ахлагч цолоор шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-01-14 21:03:51

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар хугацааны өмнөх Ахлагч цолоор Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн ангийн Өвс тэжээлийн нярав дэд ахлагч Д.Батбаатарыг шагнав.

Шагналыг аймгийн Онцгой байдлын газрын дарга Хурандаа С.Пүрэвсамдан ОБГ-ын орлогч дарга, дэд хурандаа Б.Ганхүү нар өнөөдөр гардуулан өгөв.

Түүнчлэн гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 97 жилийн ой угтан зохион байгуулсан "Гар бөмбөг"-ийн аварга шалгаруулах тэмцээнд  Гал түймэр унтраах аврах-54 /ГТУА-54/  дүгээр анги тэргүүн байр, Онцгой байдлын газрын баг дэд байр, Шарын гол сум дахь ГТУА-22 дугаар анги гуравдугаар байрыг эзэлжээ.

Мөн Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жил, Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга дэд хурандаа Б.Ганхүү нийт алба хаагчид, үe үeийн ахмадуудад болон тэдгээрийн гэр бүлд аз жаргал хүсч баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Дашрамд Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 97 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Анх 1922 оны энэ өдөр буюу 1 дүгээр сарын 13-ны өдрийн Ардын Засгийн газрын 35 дугаар тогтоолоор Галын аюулаас хамгаалах байгууллагыг байгуулж байсан түүхтэй.

Түүнчлэн 1999 онд Галын аюулгүй байдлын хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулснаар Гал түймэртэй тэмцэх байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдэж, ой хээрийн болон объектын түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах, шалтгаан нөхцөлийг тогтоох, гал түймрийн хэрэг бүртгэх ажлыг хариуцан Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гал түймэртэй тэмцэх газар болгон зохион байгуулжээ.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн анхдугаар хуралдаанаар тус газрыг Онцгой байдлын ерөнхий газрын бүтцэд нэгтгэсэн түүхтэй аж.

 

 

Холбоотой мэдээ