Шүүхийн шинжилгээний алба 127 удаагийн задлан шинжилгээ, 1127 удаагийн гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-01-14 21:00:10

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний алба өнгөрсөн онд нийтдээ 127 удаагийн задлан шинжилгээ, 1127 удаагийн гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийжээ.  

Тус алба нь гэмтлийн зэрэг тогтоох үзлэг, бэлгийн холбогдолтой болон нас тогтоох үзлэг, цогцост хийх задлан шинжилгээ, шүүх химийн шинжилгээ буюу /этилийн  спирт, гликоген, угаарын хий тодорхойлох/, шүүх биологийн шинжилгээ буюу /цусны бүлэг, цус мөн эсэх, эр бэлгийн эс тогтоох/, шүүх эд эсийн шинжилгээ мөн хавтаст хэргийн материалаар дүгнэлт гаргах ажлыг хариуцан гүйцэтгэдэг байна.

Түүнчлэн цогцсын задлан шинжилгээ,  гэмтлийн зэрэг тогтоох үзлэгээс гадна бэлгийн гэмт хэргийн 54 удаагийн үзлэгийг хийж гүйцэтгэсэн аж  

Задлан шинжилгээ хийгдсэн 127 удаагийн тохиолдлыг шинжилгээний хэлбэр шалтгаанаар авч үзвэл хамгийн их нь гэнэтийн нас баралт 40 тохиолдол, дараа нь хордолтоор буюу угаарын хий, архинд хордох зэрэг шалтгаанаар нийтдээ 29, тээврийн ослоор 15, осгосон 7, усанд живсэн 4, өөрийгөө дүүжилж, боомилсон гэх 10 хүний биед задлан шинжилгээ хийж шалтгааныг тодорхойлсон талаар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн ахмад Б.Түвшинтөр мэдээлэв.

Шинжилгээ хийгдсэн байдлыг насны ангиллаар авч үзвэл 1 хүртэлх насны 11 хүүхэд, 1-19 насны буюу хүүхэд өсвөр насны 9, 50-54 насны иргэд хамгийн их буюу 19 удаа байсан аж.

Энэхүү дүн мэдээнээс анхаарал татаж байгаа асуудал нь дийлэнх буюу 46 хүн нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд төдийгүй 127 хүний 59 нь осол эндэгдэлд орох үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогджээ.

ХЗДХЯ болон холбогдох ерөнхий газраас аймаг орон нутагт шинжилгээний байгууллагын орчин үеийн нэг загварын албаны шинэ байр барихаар нэгдсэн зураг төсвийг гарган ирүүлснийг аймгийн ИТХ, Засаг даргад танилцуулан дэмжүүлж 4,6м.кв  газрыг  шийдвэрлүүлжээ.

Гэвч тус албанд байрны ашиглагдаагүй талбайг ашиглан тусгай шинжилгээний лабораторийг байгуулах, шүүх эмнэлгийн шинжилгээний лабораторид шаардлагатай зарим багаж төхөөрөмж дутагдалтай байгааг хэлж байсан юм.

Тус албанд криминалистикийн чиглэлээр гарын мөр, бичиг судлалын, бичиг баримт, үнэт цаас, гарын үсэг, гар бичмэл, мөр, гутлын болон хөлийн мөр, тээврийн хэрэгслийн дугуйны мөр, галт зэвсэгийн зэрэг шинжилгээнүүдийг мэргэшсэн баг бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгэдэг ажээ. 

Холбоотой мэдээ