Агаарын бохирдлыг бууруулахын тулд хиймлээр үүл үүсгэж байна

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-01-16 11:43:39

БАНГКОК. /Strait Times/. Агаарын бохирдлыг бууруулахын тулд хиймлээр үүл үүсгэх санаачилгыг Таиландын Засгийн газар гаргасан байна.


Хур тунадас бага унадаг, хуурай улирал тохиож буй энэ үед автомашин, үйлдвэрүүдээс ялгарч буй утааны улмаас нийслэл Бангкок болон тус хотын эргэн тойрон орших бүс нутгийн агаарын бохирдол улам нэмэгдэх болсон ажээ.


Дээрх бүс нутгуудын агаар дахь “PM2.5” нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан агаарын чанарын стандартаас давж, нэг шоо метрт 70-100 микрограмд хүрсэн байна.


Мягмар гарагт Таиландын Засгийн газар агаарт натрийн хлоридыг нэмэгдүүлэхийн тулд хоёр нисэх онгоц нисгэн хиймэл үүл үүсгэж, бороо оруулсан байна. Засгийн газрын мэдээлснээр, нийслэл хотын төв болон хэд хэдэн газарт бороо орсон ажээ.


Засгийн газар энэхүү үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхийн зэрэгцээ иргэдэд амны хаалт тарааж, гал сөнөөх машинуудыг ашиглан ус шүршихээр болсон байна.


Олон нийтийн эрүүл мэндийн сайдын сэтгүүлчдэд мэдээлснээр, хэрэв нөхцөл байдал улам дордох аваас сургуулиудыг түр хаах тухай хэлэлцэж байгаа ажээ. Түүнчлэн цаашид агаарын бохирдлыг бууруулах олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ амлажээ. 

Холбоотой мэдээ