Мянгад сумынхан “Чансаатай унага-2019” тэмцээн зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-16 13:23:16

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн малчдын санаачлагаар “Чансаатай унага-2019” адуучин тэмцээнийг дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгууллаа. Монгол түмний бахархал, соёлын үнэт өв болсон адууны соёлыг дээдлэн дэлгэрүүлэх, адуу эдлэх уламжлалыг сэргээх, Мянгад омгийн адууны онцлогийг сурталчлан таниулах зорилготой уг тэмцээнд Ховд, Увс, Завхан аймгийн 10 гаруй сумын 40 орчим адуучин оролцож, ташуур шүүрэх, явган бугуйлдах, морьтой бугуйлдах, эмнэг сургах гэсэн 4 төрлөөр өрсөлдсөн юм.


Мянгад сум нь 5 багтай бөгөөд адуун сүргийнхээ тоо толгойгоор өнгөрсөн онд аймагтаа тэргүүлсэн билээ. Тус сумын адуун сүрэг 12 мянган тоо толгойд хүрсэн бол Цагаан булан баг нь бусад багуудаас хамгийн олон адуу буюу 5856 адуугаар тэргүүн байранд оржээ. Түүнчлэн Мянгад сум нь баруун бүсийн хэмжээнд чонон саарал, Цэргийн хорооны шовгор цэнхэр, Дамдиндоржийн Халтар, Энх-Амгалангийн хүрэн, Мэндсайханы хээр, Буянтогтохын хээр, Оросоогийн хар, Цогтоогийн Хээр, Жамъянсүрэнгийн саарал зэрэг 9 хурдан хүлгээрээ алдартай. Өнгөрсөн онд хурд хүч, уналга эдэлгээ, чанар чансаагаараа бүс нутагтаа тэргүүлдэг “Мянгад адуу” нь Монгол Улсынн Засгийн Газрын гишүүн, ХАА-н сайдын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар бие даасан омгоор баталгаажсан юм. 

“Чансаатай унага-2019” адуучин тэмцээний төрөл тус бүрт шилдэг адуучин тодрууллаа. Энэ үеэр тус тэмцээний чанар чансаа, оролцогчдын тоо, ур чадвар жил бүр өсөн нэмэгдэж байгааг онцлон хэллээ.

                                                                                        Н.Лхагва


Холбоотой мэдээ