Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийг нэрлэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2019-01-16 15:22:05

МОСКВА./RIA Novosti/. Мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг томоохон сүлжээнүүдийн нэг, Нидерландын Амстелвен хотод төвтэй "KPMG" аудитын компани дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийг нэрлэжээ.


"Football Benchmark" төслийн шинжээчдийн тооцоолсноор, Бразилийн хөлбөмбөгчин, Пари Сен-Жермен /ПСЖ/ клубын хагас хамгаалагч Неймар хамгийн өндөр буюу 229.1 сая еврогийн үнэ хүрэх тоглогчид тооцогдож байна. Жагсаалтын хоёрдугаарт, эхний аравт багтсан хамгийн залуу хөлбөмбөгчин, 20 насандаа дэлхийн аварга болсон ПСЖ багийн довтлогч Килиан Мбаппе /215 сая евро/ оржээ. Харин гуравдугаарт, “Алтан бөмбөг” шагналын эзнээр таван удаа тодорсон, "Барселона" багийн түүхэн дэх шилдэг довтлогч Лионель Месси /203.3 сая евро/ бичигдсэн байна.


Түүний дараагаар Египетийн хөлбөмбөгчин, "Ливерпуль" багийн довтлогч Мохаммед Салах /168.3 сая евро/, 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогч, Английн "Тоттенхем" клубын тоглогч Харри Кейн /151.1 сая/, "Челси" багийн довтлогч Эден Азар /148.2 сая/, "Манчестер Сити"-гийн тоглогч Кевин де Брейне /129.4 сая/, Францын хөлбөмбөгчин, "Атлетико Мадрид" клубын хагас хамгаалагч Антуан Гризманн /125.6 сая/, "Манчестер Юнайтед"-ийн гишүүн Поль Погба /119.3 сая/ нар оржээ. Жагсаалтын 10 дугаарт "Барселона" багт тоглодог Бразилийн хөлбөмбөгчин Филипе Коутиньо /118.2 сая/ бичигдсэн байна.


Харин 2018 оны “Албан бөмбөг”-ийн эзэн, өдгөө 33 настай Лука Модрич хамгийн үнэтэй 50 тоглогчийн жагсаалтад багтаагүй байна. Тэгвэл энэ шагналыг таван удаа хүртсэн Протугалийн хөлбөмбөгчин Криштаину Роналду /107.3 сая евро/ жагсаалтын 12 дугаарт бичигджээ.

Холбоотой мэдээ