“Компьютерийн нэгдсэн сургалтын төв–2” нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-01-17 21:43:44

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Дархан дахь технологийн сургууль 2011 онд Койка байгууллагатай хамтран компьютерийн нэгдсэн сургалтын төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Дээрх төслийн хүрээнд нэгдсэн сургалтын төвийнхөө тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулж, өнөөдөр нээлтийг нь хийлээ.

1200 гаруй оюутан сурагчтай тус сургуулийн сургалтын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилснээр инженерийн ангийн оюутнууд, программ хангамж хөтөлбөрөөр суралцагчид, төгсөгчид болон бүс нутгийн их дээд ерөнхий боловсролын сургуулийн компьютерийн мэргэжлийн багш, төрийн болон төрийн бус байгууллагын IT инженерүүдэд шинэ дэвшилтэт технологийг эзэмшүүлэх сургалт явуулахад ихээхэн ач холбогдолтой гэж сургуулийн удирдлагууд онцолж байлаа.


Шилдэг инженерүүдийг бэлтгэх зорилгынхоо хүрээнд чанартай сургалт, сургалтын таатай орчин, онолыг батлах практик дадлагын тоног төхөөрөмжүүдээр хангагдсан тэнхимүүдийг нэмэгдүүлсээр байгаа аж.

Түүнчлэн элсэгчдийн тоонд бус чанарт суурилснаар чадварлаг боловсон хүчин бэлтгэгдэнэ гэж үздэг. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Дархан дахь технологийн сургууль нь 1999 оноос эхлэн Олон улсын Койка байгууллагын шугамаар мэргэжилтэн авч хамтын ажиллагаагаа эхлүүлсэн юм. Мөн БНСУ, Япон, БНХАУ, ОХУ зэрэг улсын их дээд сургууль болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ