Дархан-Уул аймагт брокер дилерийн хоёр компани ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-01-17 17:43:03

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд иргэдэд үнэт цаасны арилжааны данс нээх албан ёсны эрхтэй  “Дархан брокер ҮЦК" ХХК болон “Би Ди Сек” ХК гэсэн хоёр брокер, дилерийн компани үйл ажиллагаа явуулж байна.

“Дархан брокер” ҮЦК ХХК-ийн тухайд үйл ажиллагаагаа явуулаад 27 жил болсон. Эдний Дархан-Уул аймаг дахь салбараар өдөрт 50-60 иргэн үйлчлүүлж байна. Даваагаас баасан гарагуудад 09.00-16.00, бямба гарагт 10.00-14.00 цаг хүртэл ажиллаж байгаа учир дараалал ихэссэн зүйл байхгүй гэнэ. Иргэдийн тухайд цэнхэр, ягаан тасалбарын  хувьцаа,  хувьцааны тоог лавлах, ноогдол ашгийн талаарх мэдээлэл авах болон Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072 ширхэг хувьцааны данс нээлгэхээр үйлчлүүлж байна.  Зөвхөн 2018 онд гэхэд 1072 ширхэг хувьцааны дансыг 9000 гаруй иргэн нээлгэсэн байна.

1072 ширхэг хувьцааны данс нээлгэх хүүхэд болон иргэд дараах материалыг бүрдүүлдэг аж. Үүнд 2012 оны 4 дүгээр сарын 11-ээс өмнө төрсөн  хүүхэд эцэг, эхийн иргэний үнэмлэх,  төрсний гэрчилгээтэй, иргэд иргэний үнэмлэх 5000 төгрөгтэй ирж данс нээлгэхийг “Дархан брокер” ҮЦК ХХК-ийн туслах ажилтан Ц.Ундармаа мэдээлэв.

Харин үнэт цаасны арилжаа эрхлэх, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн данс нээх үйл ажиллагаа явуулдаг “Би Ди Сек” ХХК 1990 оноос эхлэн хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол Дархан-Уул аймагт 2012 оноос ажиллаж эхэлжээ.

"2018 оны 8 дугаар сараас Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072 ширхэг хувьцааны данс нээлгэх иргэдийн тоо ихэссэн. Өнгөрсөн намрын тухайд өдөрт 200 орчим иргэн данс нээлгэхээр ирж байсан. Харин нийт хэдэн иргэн данс нээлгэсэн, одоо хичнээн иргэн өдөрт үйлчлүүлж байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэж тус компанийн “Би Ди Сек” ХХК-ийн Дархан салбарын эрхлэгч Д.Сарантуяа мэдээлэв. Данс нээлгэхэд бүрдүүлэх материалын тухайд "Дархан брокер ҮЦК" ХХК-тай ижил аж.

Брокер дилерийн компанид хандаж данс нээлгэснээр иргэд өөрийн нэр дээр байгаа 1072 ширхэг хувьцаагаа албан ёсны эзэмшигч нь болж байгаа аж. 

Холбоотой мэдээ