Хүүхдийн сан: Сири хүүхдүүдийн амь нас эрсдэлд ороод байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2019-01-17 11:16:23

ДАМАСК. /NHK/. Сирид уур амьсгал эрс хүйтэрсэн болон эмнэлгийн тусламж дутагдалтайн улмаас өнгөрсөн сард наад зах нь 15 хүүхэд нас барсан тухай НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлэв.


Хүүхдийн сангийн тайланд, Сири-Йорданы хилийн ойролцоох алслагдмал Рукбан нутаг дахь цаг уурын нөхцөл байдал хүнд байгааг тэмдэглээд, олон хүүхдийн амь нас эрсдэлд орж буйг анхааруулсан байна.


Өнгөрсөн сард Рукбанд найман хүүхэд нас барсны дийлэнх нь дөрвөөс доош сартай байсан бөгөөд тэдгээрийн нас баралтын шалтгаан нь жирэмсэн эмэгтэйчүүд болон шинээр мэндэлсэн хүүхдүүдэд зориулсан эмнэлэгийн тусламж хомс байсантай холбоотой байна.


Мөн Сирийн зүүн нутгийн Хажин хотод түр хоргодох байрны аюулгүй байдлын шаардлагыг муу хангасны улмаас долоон хүүхэд нас баржээ. Тэдний дийлэнх нь нэгээс доош настай байсныг тайланд онцолжээ.


"Хэрэв Сири хүүхдүүдийг эмнэлгийн шаардлагатай тусламж болон түр хоргодох байраар хангахгүй бол илүү олон хүүхэд амь насаа алдаж болзошгүй" хэмээн дээрх тайланд анхааруулаад, тэдний аюулгүй байдлыг хангахыг сөргөлдөгч талуудад уриалсан байна. 

Холбоотой мэдээ